
Валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн ч ханш огцом өссөөр байна. Үүнтэй холбоотой Төв банкнаас авч хэрэгжүүлж байгаа асуудлаар Монголбанкны Зах зээлийн газрын Зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяртай ярилцлаа.
-Монгол төгрөг сүүлийн хоёр сарын хугацаанд хоёр хувиар сулраад байна. Долларын нөөц хангалттай бий гэх боловч төгрөг суларч байгаа нь юутай холбоотой вэ?
-Валютын нөөц болон ханш гэдэг бол эдийн засгийн бүтцийн гүйцэтгэлийн тусгал юм. Үүнд гадаад орчны нөлөөлөл хамгийн өндөр байдаг. 2025 он гарсаар эхний хоёр сарын гүйцэтгэл худалдааны урсгал дансанд 720 сая долларын алдагдалтай, санхүүгийн данс 190 сая долларын ашигтай гарсан. Үүн дунд 580 гаруй сая долларын тэнцэлийн алдагдалтай байна. 2024 онд Монгол Улс 5.5 тэрбум долларын нөөцтэй буюу түүхэндээ байгаагүй их нөөцтэй байсан. Гэвч он гарсаар төлбөрийн тэнцэлийн гүйцэтгэлээс шалтгаалан валютын нөөц өөрчлөгдөж эхэллээ. Урсгал тэнцэлийн 580 сая долларын алдагдал юунаас болсон гэхээр импорт болон шатахууны төлбөртэй холбоотой валютын эрэлт өндөр болж эхэлснээс боллоо. Нөгөө талдаа нүрсний үнийн бууралттай холбоотой валютын орох урсгал хязгаарлагдсан. Төлбөрийн тэнцэлийн алдагдал нэгдүгээр сард гарсан гүйцэтгэл болж байна.
Хоёр, гуравдугаар сард гадаад худалдааны алдагдал харьцангуй гайгүй болсон. Мөн валютын гадагшаа чиглэсэн урсгал ч буурсан. Дөрөвдүгээр сарын 8-ний байдлаар манай улс 5.11 сая долларын нөөцтэй байна. Энэ нь импортын гурван сарын хэрэглээг хангах түвшинд байгаа гэж ойлгож болно. Төв банк, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд валютын нөөц 5 тэрбум ам.долларын нөөцтэй боллоо. Улирлын шинж чанартай нөлөөллөөс хамаараад валютын ханш оны эхэнтэй харьцуулахад хоёр хувиар сулраад байна.
-Долларын ханш өсч байгаатай холбоотой Монголбанкны зүгээс интервенц хийх үү?
-Монголбанк валютын зах зээл дээрх шаардлагатай төлбөр тооцоог тогтмол харж, хянаж байна. Шаардлагатай төлбөр тооцооны эрэлтүүд арилжааны банкнаар дамжиж явдаг. Тиймээс долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаа явуулж байгаа. Энэ нь валютын шаардлагатай эрэлтийг хангаж чадаж байгаа гэсэн үг. Долларын албан ханш өнөөдрийн байдлаар 3508 төгрөгтэй тэнцэж байна.
-Валютын нөөцийг алтны худалдан авалтаар бүрдүүлдэг. Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Жавхлан алтны хайгуул бүрэн зогссоныг зарласан. Тэгвэл алтны олборлолт, худалдан авалт тал дээр ямар дэмжлэг үзүүлэх вэ?
-Сүүлийн жилүүдэд алттай холбоотой тодорхой хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлж байга. Төв банкны алт худалдан авалт жилдээ 16-18 тонн байдаг. Зарим жилүүдэд 22 тонн хүрсэн тохиолдол ч бий. Сүүлийн хоёр жилд 16-18 тонн алт худалдан авчээ. Энэ жил мөн адил өнгөрсөн жилтэй ижил түвшинд байна.

4°C
