
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018-2019 онуудын хурал дээр нүүрсний оффтэйк гэрээг байгуулж, нүүрсний хэдэн арван сая тонн хулгайн хэрэг гарах эхлэл тавигдсан ч өнөөдрийг хүртэл хуулийнхан буюу мөрдөгчид, прокурорууд асуудлыг эцэслэж чадаагүй байна. Чадаагүй биш нүүрсний хэргийг илрүүлэх хүсэлгүй байна. Тэр үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга асан одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар ажиллаж, хамтарч байлаа. Энэ гурвын “хортой найруулгаар” нүүрсний оффтэйк нууц гэрээ байгуулагдаж “Бодь интернэшнл” компанид маш том давуу байдал бий болгосон байдаг. Хулгай, луйврын хэргийг олон удаа ярьсан ч хууль хяналтын байгууллагаар шалгаагүй юм. Тэд шалгах ч үгүй байх.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын нэр барьж, Ерөнхийлөгчийн өрөөнд нууц гэрээ байгуулдаг байсан гэж “Нүүрсний сонсгол”-оор зөндөө ярьсан. Хэдийгээр тэдний нэг нь Ерөнхийлөгчөөсөө бууж УИХ-ын гишүүн, нэг нь УИХ-ын даргаасаа больж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болж, нөгөө нь Ерөнхий сайдаас Ерөнхийлөгч болж албан тушаалын хувьд өөрчлөгдсөн ч тэдний хамтарсан шийдвэр өнөөдөр ч үргэлжилсээр байгааг сүүлийн долоо хоногт хийж байгаа АТГ, Монгол Улсын Ерөнхий прокурорыг улираан томилж байгаагаас харж болно. Нэг үгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүслийг У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр гүйцэлдүүлж байгааг анхаарах ёстой юм. Уншигч та бүхэн санаж байгаа бол Х.Баттулгыг хүслийг У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр байнга гүйцэлдүүлж байсны нэг нь ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж байсныг эргэн санаарай. Парламентад үнэмлэхүй олонх байсан МАН цөөнхөөс сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ жилийн оройн үгэнд хэлсэн амлалтыг нэгдүгээр сарын 2-нд шууд гар өргөн гүйцэтгэж байлаа.
2019 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын саналаар АТГ-ын даргаар сая улирч томилогдсон З.Дашдавааг, өнөөдөр чуулганы хурлаар Ерөнхий прокуророор улиран томилогдож байгаа Б.Жаргалсайхан нарыг дахин зургаан жилийн хугацаатай томилж байгааг олон нийт эсэргүүцсээр байхад томилж байгаа нь оффтэйк гэрээний хэрэгжилтийг дуусгах, нөгөө талаар нүүрсний хулгайд холбогдсон цагаан захтай хулгайчдыг хамгаалах гэсэн бодлого байхыг үгүйсгэхгүй. Ингэж хардах эрх ч олон нийтэд байгаа. З.Дашдаваагийн үед гэм буруутай нь тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа ч эхлээгүй байхад нэр бүхий хүмүүсийг хулгайчаар нь цоллож, олон нийтийн дунд сошиалд яллуулж байсан бол өнөөдөр томилогдож байгаа Б.Жаргалсайханы үед шударга прокурорууд ажлаасаа ээлж дараалан халагдаж, сайд дарга нар ял үүрдэггүй, төрийн доод албан тушаалтнууд л ялыг нь үүрдэг үзэгдэл хавтгайрчээ. Харамсалтай нь ард иргэдээс сонгогдсон парламентын гишүүдээс хэн нь ч шударга ёс нэхдэггүй, асуудлын зөв бурууг дэнсэлдэггүй, эр зориггүй, аймхай, даргын хэлсэн үгийг за гээд гар өргөөд биелүүлдэг, амьгүй албат царайлсан гишүүд улираан томилогдож байгаа дарга нарыг дэмжиж баталгаажуулах ажлыг л хийж өгч байна. Албан тушаалтнуудын байр солигдсон ч тэдний үзэл санаа, зорилго нь хулгайд холбогдсон хэн нэгнээ хамгаалж үлдэхийн төлөө Монголын эрх ашгийг умартаж байгааг зарим судлаачид харамсан ярьсаар байна. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баруун, зүүн гарууд Ерөнхий сайд, УИХ-ын даргын албыг авсан нь ч ийм учиртай.
Дараагийн нэг хардлага бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийн тулд түүнд зориулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын дарга асан Г.Занданшатар хийж өгсөн байдаг. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 55 нас хүрсэн гэдэг үгийг 50 нас хүрсэн хэмээн өөрчлөөд зогсохгүй, бүрэн эрхийн хугацааг 6 жилээр нэг удаа сонгох гэж хуульчилсан юм. Нэг үгээр, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвших нас нь хүрээгүй байсныг хүчээр шахуу 50 нас хэмээн өөрчилж, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн юм. Тэдний хамтрал дуусаагүй бөгөөд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль Х.Баттулгад зориулагдаж магадгүй байгааг ч улстөрчид таамаглаж байна.

11°C
