
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын нэгдсэн чуулган хэлэлцэж эхэллээ. Тус хуулийн өөрчлөлтийг 150 минут хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдааны өмнө хэллээ. Хуульд зааснаар биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосны дагуу Засгийн газар баталдаг. Гэтэл сүүлийн саруудад биржийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна хэмээн үзэж гишүүд өөрчлөхөөр ярьж байна. Уг нь УУХҮ-ийн сайд асан Ж.Ганбаатарын зүгээс Биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр нүүрсний экспорт сайжирч, худалдаалах үнэ ч олон улсын дагуу явж эхэлснийг сануулаад байсан ч УИХ-ын гишүүд Уул уурхайн биржийн тухай хуулийг өөрчлөх эсэхийг хэлэлцлээ. Тус өөрчлөлтийн хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний баяжуулалт, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээж, экспортлох зорилгоор дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрт биржээр дамжуулан арилжиж болно гэж заах юм. Мөн цацраг идэвхт ашигт малтмалын борлуулалтын талаар мэдээллийг Цөмийн энергийн тухай хуулийн 47.1.1-д заасны дагуу Олон Улсын Атомын Энергийн агентлагт хүргүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд арилжих журмыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Засгийн газар батлах юм байна.
Дараагийн нэг өөрчлөлт нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал шийдвэрлэж болно хэмээн өөрчлөхөөр хэлэлцэж байна.

11°C
