
Ромын пап Францис өнөө өглөө таалал төгслөө. Түүнийг дэлхийн 1,5 тэрбум католик шашинтнууд дагаж байсан юм. Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис 2023 оны есдүгээр сарын 2-нд Монгол Улсад айлчилж байсан юм. Тэрээр хэлэхдээ "Танай сайхан өргөн уудам нутгийг зорин ирж, айлчлал гэдэг үгийн утга учир мөн чанарыг бүрэн дүүрэн ойлгож, эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Монголын үзэсгэлэнт тал нутагт тодрон үзэгдэх орд өргөө цагаан гэрт морилон саатаж буйдаа баяртай байна.
Энхийг эрхэмлэн, мөргөлөөр замнан яваа миний бие та бүхний хүмүүнлэг ёс найрсаг занд талархан, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж өргөө гэрийн чинь үүдэнд хүрэлцэн ирлээ. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон нь саяхан мэт боловч 30 жил өнгөрчээ.
777 жилийн тэртээ 1246 оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр Папын элч, санваартан Плано Карпини Их Монгол Улсын гуравдугаар хаан Гүюгт бараалхаж, Папын албан захидлыг гардуулж байсан. Удалгүй Их хааны тамгатай албан бичгийг хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж буй. Өнөөдөр би энэхүү албан захидлыг дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөж байна. Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлэг тэмдэг болох болтугай.
Хөдөө нутгийн хүүхдүүд өглөөний нар мандахад өргөө гэрийнхээ үүдээр бэлчих мал сүргийн ажиглан тоолж аав ээждээ хэлдэг гэж дуулсан. Бид ч бас алсыг ширтэх адил даян дэлхийн хэмжээнд ойрын бус холыг харж байх ач тусыг эрхэмлэн байх учиртай. Талын нүүдэлчин амьдралд төрж, өргөн уудам газар нутагт тархан сууж, хөрш зэргэлдээ олон соёлоос ялгарах өвөрмөц онцлогтой байгаагаас суралцах зүйл их бий.
Үеэс үед байгаль орчноо хамгаалах төрөлх сэцэн ухаан нь явцуу ашиг сонирхлоос татгалзаж, ирээдүй хойч үедээ газар нутгаа үржилт шимт, онгон төрхөөр нь өвлүүлэх хүсэл эрмэлзэлтэй энэ цагийн хэн бүхэнд үлгэр дуурайлал болж байна. Энэ нь загалмайтны шашинтан бидний бурхны бүтээл, өгөөмөр сэтгэлийн үр шим хэмээн ойлгодог байгалийг хайрлан хамгаалж, хариуцлагатай, алсын хараатай, энэрэн нигүүлсэх соёл суртлыг баримтлан, хор хөнөөлийн эсрэг тэмцэхэд та бүхэн тусалж байна. Монгол гэр бол байгальд нөлөөгүй. Монголын бөө мөргөлийн цогц алсын хараа, хамаг амьтныг энэрэх буддын гүн ухааны үзэл санаа нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулна.Хот хөдөөгүй байгаа монгол гэр нь уламжлал хийгээд шинэчлэлийн шүтэлцээг нотлох мэт, монгол үндэстний өв залгамжлалын гэрч нотолгоо болж байна.
Танай ард түмэн үндэс угсаагаа хадгалахын зэрэгцээ дэлхийн ардчилал, хөгжлийн сорилтод нээлттэй байж иржээ. НҮБ-ын идэвхтэй гишүүн бөгөөд хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө Азийн тивийн төдийгүй, олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Би энд та бүхний цөмийн зэвсгээс ангид улс болохоо зарлаж, цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох талаар баримталж буй бодлогыг онцлон тэмдэглэе. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс. Даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой. Цаазын ялыг хууль, шүүхийн тогтолцооноос хассан нь чухал алхам. Цаг уурын ямар ч нөхцөлд тохиромжтой монгол гэр нь монголчуудад янз бүрийн газарт оршин суух боломжийг олгосон бөгөөд энэ нь нутаг дэвсгэрээ үлэмж хэмжээгээр тэлсэн Монголын эзэнт гүрний түүх домогт нотлогдсон билээ.
Монголчуудын үүл нүүж, тэнгэр цэлмэнэ гэж хэлдэг шиг дэлхийн хаана ч байдаг ах дүү мэт зэрэгцэн орших хүсэл тэмүүллээр дайны хар үүл сарнин арилж, зөрчил тэмцэл яриа хэлэлцээгээр шийдэгдэж, хүн бүрийн суурь эрх батжин бэхжих болтугай" хэмээж байсан юм.

4°C
