
Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Хуулийн шинэчилсэн найруулгаар хэвлэлийн эрх чөлөөний индексийг сайжруулж, иргэдэд үнэн мэдээлэл хүргэж, сэтгүүлчид бичсэн нийтлэлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй байж чадна гэж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэлж байх юм. Монголд бүх зүйл урвуу харсан буюу буруу замаар яваад байгаагийн нэг жишээ нь хэвлэлийн эрх чөлөөг Засгийн газар мэддэг болсонтой холбоотой юм. Олон хэвлэл мэдээллийн байгууллага байх тусмаа эрх чөлөөтэй ч гэж боддог сэтгүүлчид монголоор дүүрэн бий.
Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас Монголын хэвлэлийн эрх чөлөөг эргэлзээтэй ангилалд оруулахдаа хэвлэн нийтлэх эрхэнд улс төрчид тэдний хамаарал бүхий голлох хэвлэл мэдээллийн байгууллагууд хамаатай гэж үзсэн. Нэг үгээр, Монголын хэвлэлийн эрх чөлөөг улс төрч эзэдтэй телевиз, сонин, вэб сайтууд үгүй хийгээд зогсохгүй хэвлэл мэдээллийн жанжин шугам болсон үнэнийг гуйвуулж мэдээлж байгаа нь эрх чөлөөгөө хязгаарлуулсан улсын ангилалд оруулсан байдаг.
Тэгвэл Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэн мушгин гуйвуулж, үгүй хийж сүйрүүлж байгаа шалтгааныг ч олоогүй байж уриа лоозон мэтийн хэдхээн гоё үгээр л энэ хуулийг тайлбарлаж, тархи угааж байна. Хуулийн гол зорилго нь сошиал хуудсуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцдог байх л зохицуулалтыг хийснээс бусдаар 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг улам бүр дордуулж оруулж иржээ. Энэ хуулийн төсөл олон удаа буцсан хэдхэн шалтгаан бий.
Нэгдүгээрт, өмнөх өргөн барьсан гишүүд хэвлэл мэдээллийн байгууллагыг улс төрчдөөс ангид буюу улс төрч эздийн хармаанаас салгах оролдлого хийж байсан нь парламентын босго давуулж чадаагүй юм. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч, яам, тамгын газруудаас санхүүждэг байдлыг зогсоох гэсэн зохицуулалтаас хэвлэлийн эзэд айсан учраас хуулийг эргүүлэн татдаг байсан юм.
Монголын хэвлэл хэдхэн улс төрчийн мэдлийнх гэдгийг Монголын ард түмэн цөм мэддэг ч хэн нь ч энэ зөв юм уу, буруу юм уу гэдгийг ойлгодоггүй. Тухайлбал, Соёлын сайд Ч.Номингийн мэдлийн HD Монгол ТВ, “Тэнгэр” ТВ-нүүд, УИХ-ын гишүүн Э.Батшугар, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын 100 хувийн мэдлийн ТВ9 телевиз, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эзэмшлийн С1 телевиз, Сү.Батболдын “Стар” ТВ, элчин зөвлөх Д.Сарангэрэлийн ТВ5 телевиз, МАН-ын гишүүн Х.Мандахбаярын ТВ8 телевиз, УИХ-ын гишүүн М.Батчимэг, АПУ компанийн захирал П.Батсайхан нарын эзэмшлийн NTV зэрэг голлох мэдээллийн хэрэгслүүдийн эзэд бүгд улс төрчид. Улс төрч эзэдтэй байх тусам ард түмэн тархи угаалтын мэдээллийг л үздэг гэхэд хилсдэхгүй. Эздийн дургүй хүрвэл телевизээрээ дамжуулж зөвийг ч буруу мэтээр ойлгуулж сэвэх нь хэрээс хэтэрсэн учраас Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас улс төрчдийн хармаанд орсон монголын сэтгүүлзүй хэмээн нэрлэсэн юм. Тиймээс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрч эзэнтэй байхыг хориглож, санхүүжилтыг олон улсын жишгээр хийж болохыг хуульчилсан цагт хэвлэл мэдээллийн эрх чөлөө жинхэнэ утгаараа цогцлоон бүтээх боломж бүрдэх юм.

11°C
