Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Х.АМАРЖАРГАЛ: “ОНТРЭ” ХХК-ИЙН ЛИЦЕНЗИЙГ ОЮУТОЛГОЙ РУУ ШИЛЖҮҮЛЭХ ЯВЦ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб өчигдөр Оюутолгой компанийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, цаг үеийн мэдээллийг авсан юм. Оюутолгой компани гүний уурхайн бүтээн байгуулалтын дуусгаж, олборлолтоо эхлүүлээд хоёр жил болжээ. Энэ хугацаанд зэсийн баяжмал, алтны олборлолт эрс нэмэгдсэн байна. 2025 он гарсаар эхний улирлын байдлаар өдөрт 28 мянган тонн хүдэр гаргаж байна. Зарим өдөрт энэ тоо 45 мянган тоннд ч хүрдэг болжээ. Ингээд Оюутолгойн хөрөнгө оруулагч Рио тинто компани дэлхийн 30 гаруй улсад татвар төлж байгаагаас эхний дөрөвдүгээрт Монгол Улс эрэмбэлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, жилд татвар, АМНАТ-т 8.4 тэрбум ам.доллар төлснөөс Австрали улсад 6.3 тэрбум доллар, Чили улсад 615 сая доллар, Канад улсад 500 сая доллар төлсөн бол Монгол Улсад 482 сая ам.долларын татвар, АМНАТ төлжээ. Монголын дараа тавдугаарт АНУ-д 136 сая ам.доллар төлсөн байна. Эндээс харахад Монголын өмнийн говийн Оюутолгойн ордын хүдрийн баяжмал, алт, зэс, мөнгөний агууламж ямар өндөр байгааг харж болохоор юм.

Тэгвэл "Оюутолгой" компанийн дэргэд байх "Онтрэ"-гийн талбайн баялгийг хэрхэх тухай “Рио тинто Монгол” компанийн захирал Х.Амаржаргалаас тодруулсныг хүргэе.

-Оюутолгой компанийн яг хажуу бөөрөнд байх “Онтрэ” компанийн лицензийг хэрхэх асуудал яригдаж байна. Монгол Улсын Засгийн газар “Онтрэ” компанитай тусдаа гэрээ хэлцэл хийх ёстой байтал “Рио тинто” компани “Онтрэ”-гийн лицензийг шилжүүлэх тухай ярьж байгаа талаар тодорхой хариулт өгөхгүй юу?

-“Онтрэ” ХХК-ийн лицензийн талбайн 70-80 хувийг Оюутолгой компани эзэмшинэ. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” компани “Онтрэ” компанийн хоёр лицензийн талбайн 80 хувийг эзэмшиж байгаа гэсэн үг. Энэ утгаар Монголын талыг төлөөлж байгаа “Эрдэнэс Оюутолгой” компани “Онтрэ”-гийн  80 хувийн 34 хувийг эзэмшиж болно. Харин үлдсэн 20 хувийн үр өгөөжийн асуудлыг шийдэхийн тулд “Онтрэ”-гийн ашиглалтын лицензийг Оюутолгой руу шилжүүлэх явц үргэлжилж байна. Энэ талаар Засгийн газар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар 5 лиценз байгаа дотор “Онтрэ” багтаж байга гэсэн үг.  “Онтрэ” ХХК талбайн 80 хувийн 34 хувиа Монголын Засгийн газарт өгөхөд бэлэн гэсэн яриа хэлэлцээр явагдаж байгаа гэсэн мэдээлэл бий.

-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө 2005 оны үед “Рио тинто”, “Онтрэ” компаниуд Ашиг хуваах гэрээ байгуулсан байсан шүү дээ. Гэтэл энэ маргаан Арбитрын шүүхэд эцэслэгдсэн байсан?

-Тухайн үед “Айвенхоу майнз” компани, “Онтрэ” компанитай Ашиг хуваах гэрээ байгуулж, 20, 80 хувиар нь заасан байдаг. Ингээд “Онтрэ”-гийн 80 хувийг Оюутолгой руу шилжүүлэх ажил эхэлсэн.

-“Онтрэ” ХХК-ийн талбайн баялгийг ашиглахын тулд 2009 оны гэрээгээр явуулах боломжгүй. Харин Хөрөнгө оруулалтын цоо шинэ гэрээ байгуулах ёстой юу?

-УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нарын зарим гишүүд 2009 оны гэрээнд хамааруулахгүй гэж яагаад хэлснийг мэдэхгүй юм. Одоогийн байдлаар Монголын Засгийн газар байр сууриа илэрхийлээгүй байна. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар Оюутолгойн гэрээт талбайд таван лиценз орж байгаа. Үүний хоёр нь “Онтрэ”-гийн хоёр лиценз юм. Тиймээс Хөрөнгө оруулалтын гэрээг тусад нь байгуулах асуудал яригдахгүй.  

-2009 онд татварын нөхцөл байдал өөр байсан. Тэр гэрээ монголчуудад одоог хүртэл ашгаа өгөөгүй байна. Ийм байхад 2025 онд 2009 оны гэрээний нөхцөлөөр “Онтрэ”-гийн талбайг ашиглах нь боломжгүй шүү дээ. Тиймээс л шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгтэй гэж бодож байна?

-Би дахиад хэлье. Хөрөнгө оруулалтын гэрээнд таван лиценз байгаа. “Онтрэ”-гийн эзэмшиж байгаа 20 хувийг яах вэ гэдэг асуудал л байгаа. Хөрөнгө оруулалтын шинэ гэрээ байгуулна гэж би бодохгүй байна. “Эрдэнэс Оюутолгой” болон “Онтрэ” хоёрын хоорондын хувь нийлүүлэгчдийн асуудал л яригдах байх. “Онтрэ”-гийн лицензтэй холбоотой янз бүрийн өөр гэрээнүүд байна байх. Гэхдээ “Эрдэнэс Оюутолгой”-н 34 хувийг “Онтрэ”-гийн 20 хувьтай хэрхэх вэ гэдэг нь тусдаа шийдэгдэх асуудал. Дахиж хөрөнгө оруулалтын гэрээ яригдахгүй байх гэж бодож байна.

Ер нь Хөрөнгө оруулалтын гэрээний амин сүнс нь тогтвортой байдлын баталгаа байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний гол заалт нь татварын тогтвортой орчноор хангана гэсэн заалттай. Оюутолгой компани ХОГ-нд заасан татвараа төлөөд явдаг. Гэтэл татварын маргаан гарсан. Нийтдээ ТЕГ-аас хоёр удаагийн татварын акт оруулж 1,3 их наяд төгрөгийн маргаантай байгаа. Энэ нь олон улсын арбитрын шүүхэд очсон. Татварын маргаантай холбоотой ТЕГ Оюутолгой хоорондын маргаан бол Хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэлтэй юм. Энэ маргаан Лондонгийн арбитр дээр одоо ч явж байна. Нийтдээ 1,3 их наяд төгрөгийг  төлж дуусгасан. Оюутолгой компани ХОГ-ний дагуу хувь  хэмжээгээ тооцоод байдаг гэтэл ТЕГ хувь хэмжээ, аргачлал нь одоогийн үйлчилж байгаа хуулиар байх ёстой гэсэн маргаан гарсан юм. Лондонгийн Арбитр дээр явж байгаа маргаан ХОГ-ний маргааныг эвлэрлийн журмаар шийдэх тухай ярьж хоёр ч удаа Арбитрын маргааныг хойшлуулсан. Гэвч Арбитрын процесс үргэлжилсээр л байна.

-Тэгвэл саяхан Арбитрын маргаанд “Онтрэ”-гийн лицензийг хэрхэх шийдвэр гарсан бэ?

-Арбитрын маргаанд “Онтрэ”-гийн хоёр лицензийг Оюутолгойд шилжүүлэх шийдвэр гарсан. Оюутолгой компанийн ТУЗ энэ асуудлаар хуралдаж, лиценз шилжүүлэх шийдвэрийг ч гаргасан. Энд нэг асуудал байгаа нь лиценз шилжсэнээс үүсэх татвараа тооцоолж шийдэх ёстой. Өртөг, өнөөгийн үр ашгийн тооцооллыг гаргаж эндээс хэдэн төгрөгийн татварыг төлөх вэ гэдэг тооцооллыг гаргаж бүх бичиг баримтыг Татварын ерөнхий газарт өгсөн. Ингээд татварын тоо хэмжээг эцэслэсний дараа Ашигт малтмалын газрын тосны хэрэг эрхлэх газарт лиценз шилжсэн бүртгэлийг хийлгэнэ. Бидний зүгээс “Онтрэ”-гийн лицензийг ойрын хугацаанд шилжүүлж дуусгах хүсэлтэй байна. Тавдугаар сарын сүүл гэхэд “Онтрэ”-гийн талбайд гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүний дараа 2028 он гэхэд талбайг ашиглаж, олборлолтыг эхлүүлнэ.

-Оюутолгой компани өнөөдрийг хүртэл ашиггүй аж ахуйн нэгжүүдийн тоонд байна. Гүний олборлолт эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Эдийн засгийн үр өгөөжийг хэзээ өгөх вэ?

Эдийн засгийн үр өгөөжийн асуудал манай нийгэмд маш их яригддаг. Заримдаа Монгол Улсад хэрэгтэй төсөл гэдэг мөртлөө заримдаа ногдол ашиг хэзээ ч авахгүй юм биш үү гэж ярьдаг. Эдийн засгийн үр өгөөж гэж юу юм бэ гээд харахаар Оюутолгой команийн эдийн засгийн шууд үр өгөөж буюу улсын төсөв рүү орж байгаа үр өгөөжийн нийтдээ 60 хувь нь Монгол Улсад очиж байгаа. Шууд бус өгөөж бол гэрээт компаниуд, төсөл хөтөлбөрүүд дээр явж байгаа. Ногдол ашиг өгөх дээр нэг компанийг тусад нь салгаж авах нь учир дутагдалтай. Монгол Улс ногдол ашгаа хэзээнээс авах гэдэг асуудал их яригддаг. Хоёр жилийн өмнө “Эрдэнэс Оюутолгой” компанийн 2,4 тэрбум долларыг “Рио тинто” компанийн зүгээс тэглэсэн. Ингэснээр хоёр хувь нийлүүлэгч адил цаг хугацаанд ногдол ашиг хүртэх боломжтой болсон. Эдийн засгийн үр өгөөж талаасаа “Рио тинто” компани хасах баланстай байгаа бол монголын тал нэмэх баланстай байгаа.

29 Apr 2025 12:08PM
З.ЗАЯА
855
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ