
УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлыг дараалалд Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилж, чөлөөлөх тухай асуудал хэлэлцэхээр болжээ. Үүнийг энэ долоо хоногийн пүрэв гаригийн чуулганаар хэлэлцэх юм. Одоо Ерөнхий аудитороор ажиллаж байгаа Д.Загджавыг өнгөрсөн сонгуулийн өмнөхөн томилж байсан ч түүнийг чөлөөлөхөөр болжээ. Оронд нь УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Магнайсүрэнг томилохоор ярьж байна. Томилогдоод удаагүй Д.Загджавыг чөлөөлж, Говь-Алтай аймгийн уугуул С.Магнайсүрэнг томилохоор болоод байгаа нь улс төрийн нөлөөлөлтэй буву нутаг ус, жалга довны үзэл нэвт шингэж, асуудлыг мэрит зарчмаар үздэг үзлээс ангид болсонтой холбоотой. Ерөнхий аудиторт нэр нь яригдаж байгаа С.Магнайсүрэн Говь-Алтай аймагт төрж өссөн, эрх зүйч мэргэжилтэй, УИХ-ын Тамгын газарт туслах, зөвлөх, Нарийн бичгийн дарга, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Тамгын газрын дарга, ХХААЯ-нд Сайдын зөвлөх, Сангийн яаманд Газрын дарга, Хөдөлмөрийн яаманд ТНБД-аар, 2015 оны 10-р сараас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, 2023 оноос УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Нэг даргаас нөгөө дарга руу томилогддог гэдгээр нь төрийн албаныхан ч андахгүй болоод байна.
2024 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын жагсаалтын эхний 15-д Говь-Алтай аймгаас угшилтай хүмүүсийг нэр дэвшүүлсэн нь тухайн үед МАН-ын генсек байсан одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нөлөөлөл гэж улс төрийн хүрээнд ярьсаар байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн н.Саранчулуун, Б.Номинчимэг, Б.Баярбаатар, Д.Рэгдэл, Г.Лувсанжамц гээд Говь-Алтайн угшилтай жагсаалтынхан олон байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр сонгогдсон МАН-ын жагсаалтын 18-ын зургаа нь Говь-Алтайнх билээ. Тэгвэл одоо яам, тамгын газруудад Говь-Алтайнхныг томилж, улс төр дэх нутаг ус дагасан бүлэглэлийг сэм сэмхэн үүсгэж, хорт хавдар шиг эзэлж байна.
Үүний нэг томилгоо нь Монгол Улсын Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилохоор зэхэж байгаатай ч холбоотой. Угтаа улс төрийн албан тушаалтан, төрийн жинхэнэ мэргэжилтнүүдийн ажлыг хольж хутгахгүй мэрит зарчмаар асуудалд хандвал Монгол Улсын ирээдүйд чухал хэрэгтэй юм. Харамсалтай нь сонгуулийн дараа бүрдсэн УИХ-ын Тамгын газрынхан асуудалд мэрит зарчмаар хандахаас илүү нутаг ус, дош довны үзлээ барьж дийлэхгүй байна.

11°C
