
Монголын хэвлэл мэдээллийн индекс сүүлийн 6 жилийн хугацаанд 41 байраар ухарсан шалтгаан нь Засгийн газар хэвлэл мэдээллийг худалдан авсантай холбоотой гэж олон улсын байгууллага дүгнэсэн. Монголын голлох хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд улс төрч эзэнтэй буюу монголын ард түмэнд үнэнийг мэдээлэх үүргээ умартаад байна. Энэ үгийг батлах нэг жишээ сүүлийн өдрүүдэд олон нийтийн дунд тараад байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн найз охиноо тансаглуулж байгаа явдлаас харж болно. Түүний тансаглах зардлыг хэрхэн, хаанаас эх сурвалжтай талаарх үнэн мэдээллийг аль ч телевизийн мэдээний хөтөлбөр олон нийтэд үзүүлсэнгүй.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Батшугар, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын 100 хувийн мэдлийн ТВ9 телевиз Ерөнхий сайдын тансаглал, орлогын талаарх мэдээллийг хав дарж гаргасангүй. Яг үүн шиг бусад тв-үүд ч үнэнийг мэдээлсэнгүй. Н.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс тусгай үүргийн элчин сайд гэх албан тушаал гуйж байгаа тул үнэн мэдээллийг гаргахгүй байх шалтгаантай. Мөн тэрээр дараагийн ээлжинд хүү Э.Батшугарыг Цахим хөгжлийн сайд болгох мөрөөдөлтэй байгаагаа ч хэлж байсан. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эзэмшлийн С1 телевиз. Х.Баттулга нь Херо Баатартай түрийвч нэг, мөн Херо Баатар нь Ерөнхий сайдын ах тул түүний талаар сөрөг мэдээлэл гаргаж байгаагүй телевиз. Сү.Батболдын “Стар” ТВ, МАН-ын гишүүн Х.Мандахбаярын ТВ8 телевиз, элчин зөвлөх Д.Сарангэрэлийн ТВ5 телевизүүд бүр ч тодорхой бөгөөд МАН-ын аль ч гишүүний сөрөг мэдээллийг гаргаж байгаагүй юм. Соёлын сайд Ч.Номингийн мэдлийн HD Монгол ТВ, “Тэнгэр” ТВ-нүүд Ерөнхий сайдын эсрэг мэдээлэл гаргавал танхимаас хөөгдөх эрсдэлтэй тул сонгуулиар хамгийн их цагаа Ерөнхий сайдын мэдээлэлд зарцуулсан гэсэн судалгааны дүн бий. УИХ-ын гишүүн М.Батчимэг, АПУ, Шунхлай зэрэг компанийн захирал П.Батсайхан нарын эзэмшлийн NTV телевиз Засгийн газар огцор гэдэг үгнээс сүнсээ зайлтал айдаг бөгөөд ийм мэдээлэл гаргах нь тус группын хувьд хориотой. Учир нь Шунхлай П.Батсайхан Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөлд, М.Батчимэг нь жагсаалтаар гишүүн болж олон жилийн мөрөөдлөө биелүүлсэн тул Эвслийн Засгийн газрыг огцрох тухай хэзээ ч мэдээлэл хүргэж байгаагүй. Мэдээний төрөлжсөн суваг болох "Ийгл ТВ" Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн түнш гэгдэх "Бодь интернэшнл" компанийн Д.Баясгалангийн өмч тул Ерөнхий сайдын эсрэг хэзээ ч дугарч байгаагүй.
Улс төрч эзэдтэй байх тусам ард түмэн тархи угаалтын мэдээллийг л үздэг гэдэг нь энэ юм. Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас улс төрчдийн хармаанд орсон монголын сэтгүүлзүй үнэнийг мэдээлэхгүй байгаа тул эрх чөлөөний индекс ухарч байгааг дурьдсан. Тиймээс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрч эзэнтэй байхыг хориглож, санхүүжилтыг олон улсын жишгээр хийж болохыг хуульчилсан цагт хэвлэл мэдээллийн эрх чөлөө жинхэнэ утгаараа цогцлоон бүтээх боломж бүрдэх юм.

11°C
