Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЕРӨНХИЙ САЙДЫН СЭНТИЙ БОЛ “ЭВИЙ МИНЬ” ГЭЖ ЭНХРИЙЛЖ СУУЛГАДАГ АЛБАН ТУШААЛ БИШ ЮМ

Төрийн өндөр албан тушаалтан бусдаас авлига авч, хүүхдээ эрхлүүлж байгааг зарим иргэд зөв гэж үзэж байна. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэнэ гэж хэлсэн хэмээн түүнийг өмөөрөх нэг нь байна. Харамсалтай нь төрийн албан хаагчийн цалингаар хэдэн арван тэрбумаар нь үрж, брэнд цүнх, бөгж, машин унаа бэлэглэх ямар ч боломжгүй юм. Энэ үзэгдэл бол шууд авлигын ноцтой гэмт хэрэгтэй холбоотой хэргийн сэжүүр юм. Бусдад давуу байдал олгосныхоо төлөө авлига авсан хүн хэзээ ч энгийн жирийн аавын хүү, ээжийн охины амьдрал, амьжиргааг сайжруулахын төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй дэлхийн түүх бий. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглал бол зүгээр хэдэн сая төгрөг үрсэн хэрэг биш. Энэ бол татвар төлөгч иргэн бүрийн мөнгийг хувьдаа завшиж, өөртөө болон хууль бус, ашиг хонжоо хайсан зарим этгээдэд давуу байдал олгосныхоо төлөө авсан шан харамж гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, авлига, хулгайд нэр холбогдсон хүн хэзээ ч ашиг хонжоо олохгүйгээр бусдын сайн сайхны төлөө зүтгэж чаддаггүй. 

Төрийн өндөр албан тушаалтан татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, төрийн албаны өндөр эрх ямба эдэлдэг нэгэн болохоос ард иргэдийнхээ боломжийг булааж ганцаараа тансаг баян амьдарх ёстой гэсэн хууль, журам хаана ч байхгүй гэдгийг монголын ард түмэн мэдэх ёстой юм. Ерөнхий сайдын хүүгийн тансаглал жирийн монгол аав ээжүүдийн хүүхэддээ өгөх мөнгөнөөс, жирийн монгол аав ээжүүдийн хүүхдээ сайхан орчинтой сургуульд сургах мөрөөдлөөс хумсалж байна гэдгийг ойлгох ёстой юм. Тиймээс өндөр албан тушаалтан цалингаасаа давсан өндөр хэрэглээтэй байгаа нь шууд авлига буюу буруу гарын мөнгө гэдгийг хэн бүхэн ойлгох ёстой болохоос биш сошиалд “троллууд гэх зэргээр нэгнээ гүтгэх,  “чиний мөнгө биш”, “хүүхэд нь хэнд хамаатай юм”, “мөнгө үрж л байг” гэхчлэн буруу ярьж, хамгаалах нь хэзээ нэгэн цагт өөрийн чинь боломжийг хумсалсан болно гэдгийг бодох ёстой гэдгийг хүн бүр ойлгох цаг билээ. Тиймээс авлигачдад гишгэх газар байх ёсгүй бөгөөд шударга ёсны төлөө хуулийнханд шалгуулж, улс төрийн хариуцлага хүлээх нь дэлхийн улс орнуудын хатуу чанга мөрддөг дэг журам байдаг юм. Монголчуудын боддог шиг “эвий минь”, “хөөрхий минь”, “хийх гээд байгаа юм” гэж өрөвдөн хайрлаж боломж олгодог албан тушаал Ерөнхий сайдын сэнтий биш билээ. 

Тиймээс ч ард түмэн ухаантай байж, буруу зөвийг ялгаж сурах нь ирээдүй хойч үедээ үлдээж байгаа том хөрөнгө оруулалт юм. Хулгайч хүн хэзээ нь эх орон, ард түмнээ боддоггүйг түүх гэрчилсээр ирсэн билээ.

14 May 2025 11:08AM
Б.ТУЯА
544
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ