Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “ХҮН БИШ ХУУЛЬ ЗАСАГЛАНА” ГЭСЭН ҮГЭЭ МАРТАВ УУ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгуульд нэр дэвшихдээ “Хүн биш хууль засагладаг болгоно” гэж амласан. Тэрээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат”-ын Д.Энхбат нарыг үнэмлэхүй ялж, төрийн тэргүүнээр сонгогдсон. Тэрээр “Шударга ёсны төлөө чөмгөө дундартал зүтгэнэ”, “ард түмэнтэйгээ хамт” гэх зэргээр ярьж хэлж байсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одоо хаана, хэний талд байна вэ.

Ерөнхийлөгчийн олон улсын айлчлал, гадаад дотоод томилолт нь дийлдэхээ больж, дотоодын улс төр, иргэдийн амьдрал руу өнгийж нэг харахаа ч байжээ. Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигын асуудал сөхөгдөж, татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаараа урсгаж байгаа асуудалд ч нүдэн балай, чихэн дүлий өнгөрч байгаад ард түмэн гомдолтой байгаагаа нэг биш удаа илэрхийлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Үндсэн хуулиар зургаан жилийн бүрэн эрхтэй, дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй билээ. Гэтэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юунд хоргодож, хэнийг өмгөөлж ингэж дуугүй суугаа нь хачирхалтай байна. Угтаа бол Монгол Улсад хууль засагладаг болоогүй, хүний бүлэглэл засагладаг хэвээрээ байгааг өндөр албан тушаалтны тансаглал харуулж байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүхдийн тансаглал бол зөвхөн тэр 20 настай залуугийн асуудал биш билээ. Өндөр сэнтийд заларч, өргөн түмний мөнгийг зөв захиран зарцуулах ёстой эрх мэдэл атгасан албан тушаалтны асуудал мөнөөс мөн.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг шударга ёсны сэлмээ эргүүлээд өгөөч ээ гэж ард түмэн хүсч байгаа ч таг дуугуй л сууж байна. У.Хүрэлсүхийн баруун гар Я.Содбаатар МАН-ын ЕНБД-аар томилогдсон. МАН-ын Удирдах зөвлөл, бага хурлын гишүүдээ цуглуулж, Ерөнхий сайдад нүүрлээд байгаа энэ авлигал, шударга бус байдлыг ярьж, хэлэлцэх нь тэдний үүрэг билээ. МАН бол хувьчлагдсан нам биш. Бүх ард түмний төлөөлөл болсон гишүүнчлэлтэй олон нийтийн нам учраас У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Д.Амарбаясгалан нарын хармааны компани биш билээ. Тиймээс МАН-ын гишүүн хэн бүхний хэлэлцэн ярилцах ёстой сэдэв болоод байна. Энэ ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхлүүлэх нь шударга ёсонд нийцэх билээ.

 

16 May 2025 09:23AM
Б.АРИУНТУЯА
276
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ