
Гар бариад бугуй гэдэг шиг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэнэ гэж монголчуудыг уриалаад өөрөө авлигын хэрэгт нэр холбогдлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн хэдэн арван сая төгрөгийн эд зүйл, нэг тэрбум гаруй төгрөгийн ховор автомашиныг найз охиндоо бэлэглэсэн нь аавынх нь авлигын мөнгөтэй шууд холбоотой хэмээн иргэд үзэж байна. Олон улсад ч төрийн өндөр албан тушаалтны орлогоос давсан худалдан авалтуудыг шууд авлигал хэмээн үзэж, цагдаа, прокурорууд шуурхай шалгаж эхэлсэн байдаг. Харин Монгол Улсад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь тайлбар мэдээлэл хийсэн царайлаад орхиж байгаа үзэгдэл нь Монгол Улс тэр чигтээ авлигалд автагдсаныгаа мэдсэн ч мэдээгүй орхидог эмгэнэлтэй байдалтай нүүр тулжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэзээнээс хууль бус үйлдэлдээ гаршсан байж болзошгүй хэд хэдэн баримтыг “Огцрох амархан” жагсаалын эргэн тойронд дэлгэж байна. Түүний хүүгийн тансаглал бол маш ноцтой үйлдэл байсан ч “Херо”-той ажилладаг гэдэг ганцхан үгээр тайлбар хийлээ. Энэ нь хангалтгүй юм. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн үеэл Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн сайдаар томилж, дараа нь Хотын даргаар томилсон үйлдэл ч мөн авлигын ноцтой шинж тэмдэг мөн билээ. Тэрээр өөрийнхөө нэр дээр байсан “Монголын эдийн засгийн форум” ТББ-ыг “Ард санхүүг”-ийн Д.Ганхуягийн нэр дээр шилжүүлжээ. Гэтэл Ерөнхий сайдын өөрийн эзэмшлийн энэ ТББ-ын дансанд Хотын дарга Х.Нямбаатар 1,3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ мэтчилэн өөрийн хамаарал бүхий этгээдийг өндөр албан тушаалд томилж байгаад төсвийн мөнгийг өөрсөддөө шилжүүлж, ашиг орлого хийж байгаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гаршсан авлигач байж магадгүй гэх ноцтой асуудлыг ярьж байгаа юм.
Гэтэл түүний улаан фанатууд “Байгалийн баялаг, Хөгжлийн банк” гэх мэтчилэн ажлуудаар түүнийг хамгаалж байна. Мэдээж зүй ёсных байж болох ч эдгээр ажил бол Монгол Улсын хууль журмын дагуу хэн ч байсан хэрэгжүүлээд явах ажлууд юм. Авлигал, хууль бус томилгоогоор гаршсан Ерөнхий сайдыг өмгөөлж хамгаалж байгаа нь алсдаа Монгол Улсад үлдсэн жаахан шударга ёсыг бүрмөсөн үгүй хийх гэж байгаагаа ухаарах ёстой юм. Авлигын индекс буурахгүй байсан шалтгаан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө байжээ. Тэрээр АТГ-ын даргыг томилж, үйл ажиллагаанд нь нөлөөлдөг байж ч болзошгүй байна. Өөрийн хамаарал бүхий хэргийг шалгуулахгүй авч үлдэх, улс төрийн өрсөлдөгчөө намнадаг хууччуулын муухай технологийг ашигладаг байсан уу гэх эргэлзээг ч нийгэмд төрүүллээ.
Авлигал, хулгайд холбогдсон л бол Монголын төрд нэг өдөр ч байж болохгүй гэдгийг хаа хаанаа ухамсарлахгүйгээр Монгол Улсын иргэд сайхан нийгэм бүтээнэ гэсэн мөрөөдөлдөө хүрч чадахгүй. Авлигалд нэр холбогдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өмөөрөгчид бол одоогийн төрд ажилладаг төрийн цөөхөн албан хаагчид, тэдний ар гэр, төртэй хамааралтай бизнесээ явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл юм. Хэдийгээр эдгээр хүмүүс одоо ажилтай, цалинтай, мөнгөтэй байгаа ч Монгол Улс авлигал, шударга ёсыг бүрэн умартсаны дараа юутай үлдэх вэ гэдгээ бодож, эргэцүүлэх нь иргэн хүний ухамсарт үүрэг гэдгийг сануулах ёстой юм.

-29°C
