
Төв талбайд гарсан залуус Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Байгалийн баялгийн хуулийг муу хийчихлээ” гэж жагсаагүй. Тэд хүүгийнх нь хэдэн тэрбумын худалдан авалтууд өндөр албан тушаалтай чинь холбоотой юу, орлогоосоо давсан худалдан авалтууд чинь авлига уу, төсвийн мөнгийг дур мэдэн хувьдаа зарцуулаад байна уу? Орлогоо нотол гэж шаардсан. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөөхөн хэдхэн телевиз, сайтыг дуудаад “Би хүүдээ мөнгө өгөөгүй, манай хүү “Херо”-той хамтарч ажилладаг” хэмээн тайлбарлалаа. Түүний орлого нотлох тайлбар тун хангалтгүй бөгөөд албан ёсных биш байлаа. Ингэж хэлээд зогсохгүй эцэст нь мөнөөх л хэн бүхнийг хардаж сэрддэгээрээ орлогоо нотлохыг шаардсан залуусыг хэн нэгний улс төржилтийг хийж яваа “ялаанууд горьд” гэв. Маш харамсалтай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүч бяр, чадал тэнхээ байж ядтал хуримтлагджээ.
Ард түмний хайртай хүү хэвээр үлдэж болох байтал албан тушаал, эрх мэдэлд бялуурч амьдралаас хол тасарчээ. Монголын ард түмнийг тэнэг гэж бодов уу, эрх мэдэлдээ хэт бялуурч орчноосоо хол тасархай тасрав уу.
Ард түмэн нь ядуу байхад Ерөнхий сайдын гэр бүл баян тансаг, чинээлэг амьдарч байгаа нь ёсзүйн хувьд ч байж боломгүй алдаа билээ. Тэрээр улс төрийн хариуцлага хүлээж огцрох нь энэ улсад шударга ёсны гэрэл гэгээ жаахан ч гэсэн үлдсэн гэдгийг харуулах болов уу.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхнаасаа л кабинетаа байгуулахдаа үүр шөнийн заагаар буюу баяр наадмын үүрээр 04:00-05:00 цагт байгуулж, монголд цуутай олигархиудаар бүрдүүлсэн. Уг нь ард түмний хүү жинхэнэ эрдэм мэдлэгийг чухалчилж, ажилласаг, шударга, үнэнийг нүүрэн дээр нь тас түс хэлдэг, урдах ажлаас өөрийг мэддэггүй хүмүүсээр танхимаа бүрдүүлэх болов уу гэдэг горьдлого монголчуудад байсан. Гэвч Ерөнхий сайд ийм хүлээлттэй монголчуудад тэр үед “Битгий горьд” гэсэн юм. МАН-д шударга, ажилласаг, өөрчлөлтийг хийж чадах залуучууд хаа сайгүй бий. Авлигатай тэмцэнэ гэсэн шударга залуусд улс төрийн нар үзүүлээгүй шалтгаан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө байжээ.
Монголчууд ядуу, боловсрол нимгэн байж болно оо. Гэхдээ Ерөнхий сайдын хувьд ажлын байрыг нэмэгдүүлсэн чинь хэд вэ. Боловсролын тогтолцоог дэлхийд биш юм аа гэхэд азидаа хэрхэн өрсөлдөх өөрчлөлтийг хийсэн бэ. Нийгмийн суурь асуудалд анхаарал хандуулаагүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үнэхээр вакумжиж олигархиудын тансаглалд умбан шумбахдаа ард түмнээ мартсан чинь алдаа боллоо. Худлааг мянга яривал үнэн болдог гэдэг адгийн муу технологийг хэрэгжүүлэхдээ улс эх орноо бодох чинь даанч яав гэж ахмадууд уулга алдан шогширч байна. Ерөнхий сайд бусдын багийг хууллаа гэж ярьсан ч тэдэнд хуулийн дагуу шударга хариуцлага тооцож чадаагүй. Харин одоо Ерөнхий сайд Л.Оуюн-Эрдэнийн баг хуулагдаж байна.

7°C
