
МАН-ын Бага хурлын гишүүд АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэрийг гаргажээ. Хамгийн гол нь Засгийн газар АН-тай хамтрахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа өөрийн хүсэлтээр өгнө гэсэн байна. Ингээд өнгөрсөн жил байгуулагдсан Үндсэн хуулийн бус хамтарсан Засгийн газар тарж, дараагийн шинэ Засгийн газар байгуулахаар улс төрийн хүрээнд ярьж эхэллээ. Үе үеийн Ерөнхий сайд нар дараагийн хүнээ хэнийг томилох уу гэдэг асуудал хөвөрч байна.
Олон нийтийн дунд МАН-ын ЕНБД Я.Содбаатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын нэгийг Ерөнхий сайд болж магадгүй гэж таамаглаж байна. Эдгээр хүмүүс бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талынхан бөгөөд улс төрд олон жил хоршиж яваа нөхөд. Хамгийн том сул тал нь төрийн сан, тендер, хууль бус мөнгө төгрөгийн асуудалтай гэдгийг өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон хөндөж байлаа. Тухайлбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын эхнэрийн компани ЖДҮ-ийн сангаас тэрбум гаруй төгрөгийн зээл авсан асуудал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нүүрсний хэргийн дуулиан эцэслэгдээгүй, өнөөдрийг хүртэл олон нийтийн дунд яригдсаар буй.
Эдийн засаг нь хөгжсөн, боловсролын систем нь дэлхийд биш юм гэхэд тив нутагтаа гайхагдсан улс орнуудад улс төрийн хариуцлагын соёл асар өндөр хөгжсөн байдаг. Монгол Улсад улс төрийн хариуцлагын соёлыг хөгжүүлж чадахгүй байгаа нь хууль бус мөнгө, хулгай, авлигатай нэр холбогдсон хүмүүсийг дарга болгодогт учир байгаа юм. Энэ нь аалзны тор мэт нэг нэгнийгээ бүрхсэн байгааг ч харж болно. Нэг нь унавал бүгд дагаад унах эрсдэл улс төрд өндөр байдаг тул улстөрчид араа боддог соёл л Монголд бий.
Хүн намын Т.Доржхандын хувийн эрх ашгаас болж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Засгийн газрын бүх сайд давхар дээлтэй байж болно гэж өөрчилсөн. Энэ нь УИХ-ын хяналтын системийг үгүй хийж, Засгийн газрын сайдын ажлыг давхар хашиж, төсөв мөнгө захиран зарцуулахын төлөөх улс төрчдийн хувийн амбицийг улам бүр нэмэгдүүлсэн юм. Нэг үгээр Т.Доржхандын ҮХЦ-д хандсан энэ үйлдэл нь Монголын төлөө бус Монголыг хорлосон алхам болсон юм. Засгийн газрын тэргүүн болон гишүүд нь хулгай, луйвар, авлигад нэр холбогдоогүй, ашиг сонирхлын зөрчилгүй улс төрчид байх ёстой. Чадварлаг, мэдлэгтэй залуус МАН-д олон байгаа ч тэднийг нам толгойлсон дарга нар нь дэмжих дургүй. Уг нь Засгийн газрын гишүүд нь дан дээлтэй байж урдах ажлаа яг таг хийх ёстой юм. Харин манай улсад “улстөржилт” гэдэг ганцхан үгээр халхавчилж байгаад бүх хууль тогтоомжийг гууль болгож чаддаг билээ.
Л.Оюун-Эрдэнээс өөр хэн чадах юм бэ? гэж сүүлийн өдрүүдэд их ярьж байна. Маш олон мэдлэг, чадвартай, улс төрд бэлтгэгдсэн, цэвэр шударга залуус бий. Харин нэг л удаа хулгай, луйвар, авлига, хууль бус ажилд нэр нь холбогдсон бол тэр хүмүүс чадахгүй. Зөв бурууг тунгаан бодож, улс орноо хууль ёсны дагуу хөгжүүлэх нь иргэн бүрийн үүрэг билээ. Тиймээс Монголын төр босго өндөртэй байж мэргэн ухаантнаар дүүрэх ёстой юм.

21°C
