
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АН болон Хүн намын дарга нартай уулзаж, хамтарсан Засгийн газрын гэрээг дүгнэх юм байна. Үүний дараа Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч магадгүй хэмээн улс төрийн хүрээнд ярьж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн бус эвслийн Засгийн газар байгуулсан нь МАН доторх зөрчилдөөнийг үүсгээд байгаа билээ. АН, Хүн намыг Засагт ажиллуулсан нь төрийн дунд, доод шатанд МАН-ынхан ажилгүй болох эх үндэс боллоо гэж МАН-ын бага хурлын гишүүдийн дийлэнх нь үзжээ.
Тиймээс Хамтарсан Засгийн газар байх хэрэггүй, МАН дангаараа Засгийн газраа байгуулах бүрэн боломжтой гэж үзжээ. Хэрвээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгч огцорвол МАН-ынхан дараагийн Ерөнхий сайд хэн байх тухай ярьж байна. Угтаа бол зүй ёсоор ялсан намын дарга Ерөнхий сайд болно гэсэн МАН-ын дүрмийн дагуу эхлээд Ерөнхий сайдыг тодруулах биш МАН их хурлаа хийж, намынхаа шинэ даргыг тодруулах нь журамд нийцэх юм. Үгүй бол МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэвээр үлдэж, төлөөний Ерөнхий сайд томилвол жинхэнэ утгаараа засаглалын хямрал руу хөтлөх юм. Тиймээс дараагийн шинэ Ерөнхий сайдыг тодруулах нь учир дутагдалтай. Парламентын засаглал өндөр хөгжсөн Англи, Японд Ерөнхий сайд нь огцорвол шууд намын шинэ даргаа тодруулдаг. Ингэж байж засаглал хэвийн үргэлжилнэ хэмээн үздэг юм.
МАН-ынхан шинэ даргаа тодруулахгүйгээр дараагийн Ерөнхий сайдыг томилвол жинхэнэ хэдхэн сарын настай Засгийн газар бүрэлдэх юм. Тиймээс улс орныхоо төлөө МАН-ын энгийн жирийн гишүүд зүй ёсны шаардлага тавих ёстой болоод байна. Өөрөөр хэлбэл, дараагийн Ерөнхий сайд тодруулах бол эхлээд МАН-ын даргаа тодруулах ёстой гэдгийг дахин хэлье. Хэн намын дарга болно тэр Ерөнхий сайд болдог жишгийг одооноос утгаар нь тогтооё.
Ингэж чадвал дараагийн Ерөнхий сайдад нэр нь яригдаад байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамаатан Б.Жавхлан биш, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон зарим дарга нар биш, ЖДҮ-ийн сангаас хууль бусаар зээл авсан хэн нэгний талынхан Засгийн газрыг байгуулахгүй байх боломжтой юм.

11°C
