
Авлигатай тэмцэнэ гэсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ганхаж байна. Засгийн газрын тэргүүн нь өөрөө авлигын хэрэгт нэр холбогдохоос гадна Засгийн газрын гишүүд нь ч авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон баримтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлгэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн болон өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга нарын хүн гэгддэг. Харин түүний Засгийн газрын гал тогоог атгадаг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал бол цэвэр У.Хүрэлсүхийн улстөрд бойжуулсан нэгэн. Нэг үгээр Н.Учрал бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн цүнх баригч юм. Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилдог жил Н.Учрал хүнд өвдөж БНСУ-д эмчлүүлж байлаа. Түүний сэтгэлд “Л.Оюун-Эрдэнэ биш би Ерөнхий сайд байх ёстой байсан юм” гэдэг харамсал байдгийг Н.Учрал нуудаггүй. Тиймээс ч Л.Оюун-Эрдэнэ унавал дараагийн Ерөнхий сайдад өөрийгөө гэж өлхөн бодож чадах нэгэн. Харамсалтай нь авлига, хулгайн гэмт хэрэгт нэр холбогдсон хэнийг ч Монголын төрд ойртуулж болохгүй гэдгийг ард түмэн бүгд мэдэх учиртай. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Францын “Орона” компанитай ураны гэрээ байгуулсан. Олон нийтийн зүгээс энэ гэрээг эсэргүүцэж байгаа. Хамгийн гол нь Францын компани Монголын дарга нарт авлига өгч, хууль бусаар ажилласан гэдгийг Францын шүүх тогтоочихоод байхад Н.Учрал гэрээг зогсоож, өөр компанитай хийхийг санал болгохын оронд авлига өгсөн нь шүүхээр тогтоогдсон компанийг зүтгүүлсээр байгаад Монголд ашиггүй гэрээ хийчихлээ гэж иргэд дургүйцэж байгаа юм.
Дараагийн нэг асуудал нь ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хамаатан садан, эцэг эхээрээ дамжуулж төсвийн мөнгөнөөс хулгай хийдэг, төрийн мөнгөтэй хутгалдсан байж болзошгүй баримтуудыг “Эргэлт” редакцийн хамт олон дэлгэн тавьжээ. Монгол Улсад нүүрсний 44 их наядын хулгайн асуудал яригдсан ч харамсалтай нь хуулийнхан хөдөлж өгөхгүй байсаар нүүрсний хулгай замхарсан. Улс төрчид, албан тушаалтнуудыг огт шалгаж чадаагүй. Харин төрийн дунд, доод шатны албан хаагчид, мөн нүүрс тээврийн жолооч, компаниудын нягтлангуудыг харин ч нэг шалгаж, заримыг нь шоронд хийсэн. Эдгээр хүмүүсийн дунд ЗГХЭГ-ын дарга Н.Учралын хамаатан багтаж буй. Н.Учралын ээж Ж.Цэцэгмаагийн ах Ж.Хайдав гэж хүн бий. Түүний төрсөн хүү Х.Баярхүү нь Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт хариуцсан дэд захирал. Тэрээр УИХ-ын гишүүн асан А.Адьяасүрэнгээс авлига авч, нүүрс тээврийн машинуудыг техникийн хяналтын оношилгоонд хуурамчаар оруулсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байна. Нүүрсний 44 их наядын хулгай бол тэр чигтээ авлигын хэрэг. Олон улсад төрийн өндөр албан тушаалтан хамаатан саднаа төрийн болон төрийн өмчийн компаниудад томилоход л авлигын хэрэгт холбогдож, огцорч шалгуулдаг. Харин манай улсад энэ үзэгдэл хэвийн мэт болтлоо ялзарсан гэхэд хилсдэхгүй.
Н.Учралын нэр холбогдсон дараагийн дуулиан бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй нийлж, Тавантолгой дулааны станцын төсөлд хуруу дүрсэн явдал. Бас л хамаатан саднаа “дайчилжээ”. Н.Учралын ээж Ж.Цэцэгмаа нь Увсынх юм байна. Тиймээс ч Увсын фракцтай дотно харилцаатай, нэгнийхээ бизнесийг үг дүүгүй дэмждэг хүмүүс юм. Ж.Цэцэгмаагийн эгчийн хүүгийн эхнэр, хамаатан садан зэрэг олон хүмүүсээр дамжуулж Тавантолгой дулааны станцын төслийн тендерийг авахыг оролдсон байна. Иргэд санаж байгаа бол хоёр жилийн өмнө наадмын үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Тавантолгой дулааны цахилгаан станцын тендерт Камбожийн хэн ч мэдэхгүй компани шалгарсан гэж байсан даа. Гэтэл удалгүй тус компанийг тендерт оролцоод ялагдсан өөр нэг компани гомдол гаргаж, тендерийг дахин эхлүүлнэ гэж байсныг. Тэр Камбожийн компани нь Н.Учралын ах дүүсийн компани байсан юм байна. Ингэж төрийн бүтээн байгуулалтыг хувьдаа ашиглахын тулд олон мянган монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж, хор гүйлгэдэг байх нь.
Гэмгүй царайны ард ийм айхавтар ажиллагаа байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлгэж байна. Н.Учралын хамаатнууд ингээд зогсоогүй. Хөгжлийн банкны зээл, ЖДҮХС-ийн зээл, Тавантолгой түлш компанийн нүүрсний шуудайн тендер, УДЭТ-ийн газрын наймааны маргаан гээд маш их ноцтой баримтууд Н.Учралд хаяглагдаж байна. Монголын одоогийн байгуулсан төрөөс цэвэр шударга төрийн түшээг хайгаад ч олохгүй нь бололтой. Хулгай луйвар, авлигад холбогдсон хэн ч байсан төрийн жолоог атгуулж болохгүй, эцэст нь монголчуудын эрх ашиг, тусгаар тогтнолоор л өр төлөөс нь төлөгдөнө гэдгийг энд хэлье.

7°C
