Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛҮҮД ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ АВЛИГААС БОЛЖ ОГЦОРЛОО ХЭМЭЭН ОНЦОЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ итгэл хүлээлгээгүй. Ингэснээр Хамтарсан Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцроод байна. Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ нийгмийг бухимдуулж, улмаар “Огцрох амархан” жагсаалын эхлэл болсон. Энэ үйл явдлыг олон улсын томоохон хэвлэлүүд онцлон нийтэлсээр байна. Тухайлбал, “Associated Press”, “BBC”, “Reuters”, “NBC”, “DW”, “Al Jazeera”, “Time”, “Politico” зэрэг гадаадын томоохон хэвлэлүүдийн анхаарлыг татаж, онцлон мэдээлсэн байна. Ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг авлигын мөнгөөр тансаглаж, баримжаагаа алдсан тухай мэдээлжээ. Энэ нь экспортын орлогоор баяжигчид болон ядууралд автсан иргэдийн хооронд асар их ялгаа, ангал үүссэнийг хэлж байна хэмээн онцолсон байна.

Тухайлбал, “Associated Press” агентлаг “Ерөнхий сайд нь огцорсон тул байгалийн баялаг ихтэй Монгол Улс улс төрийн тодорхойгүй байдалтай тулгарав” гэсэн гарчигтай нийтлэл гаргажээ. Тус нийтлэлийн агуулгаас түүвэрлэн хүргэвэл “Байгалийн баялаг ихтэй, Хятад, Оросын дунд орших, далайд гарцгүй Азийн улсад гаарсан авлигыг ард иргэд нь эсэргүүцсэний улмаас Ерөнхий сайд нь огцров. Ийнхүү тус улс улс төрийн тодорхойгүй байдалтай тулгарч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн найз бүсгүйдээ зориулсан тансаг эд зүйлсийн талаарх мэдээллийг харвал Монголд экспортоос баяжигсад болон ядууралд автсан иргэдийн хооронд асар их ялгаа байна.

Монгол Улс өндөр технологийн үйлдвэрлэлд ашигладаг нүүрс, зэс болон бусад байгалийн нөөц баялагтай. Гадаадын уул уурхайн томоохон компаниудтай хэлэлцээр хийж эхэлснээс хойш энэ баялаг хэнд ашигтай вэ гэдэг нь гол асуудал болсон. Нууц гэрээ хэлцэл, төлбөр тооцооны тухай цуурхал тус улсад олон жилийн турш тархсан. Жагсагчдын хувьд ашигт малтмалын баялгийг чинээлэг хүмүүсийн ашиг сонирхолд л нийцсэн гэж үзэж байна.

Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдаар хэн ч томилогдсон байсан бодлогод томоохон өөрчлөлт орохгүй гэсэн байр суурийг ХБНГУ-ын Манхаймын их сургуулийн Монгол хариуцсан мэргэжилтэн Жулиан Диеркес хэлсэн юм” гэжээ.

Харин Францын “Le Monde” хэвлэлд “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй учир зургадугаар сарын 3-ны өдөр албан тушаалаасаа огцорлоо. Авлигын хэргийг эсэргүүцсэн жагсаал олон хоног үргэлжилсний эцэст нууц санал хураалт явуулсан юм.

Хойд Азийн далайд гарцгүй ардчилсан орон болох Монгол Улс олон арван жилийн турш авлигатай тэмцсээр ирсэн. Нүүрс олборлолтоос олсон ашгийг тус улсын чинээлэг хүн ам хуримтлуулж, нийт иргэдийг хохироож байна гэж үздэг. Л.Оюун-Эрдэнэ 2021 онд засгийн эрхэнд гарснаас хойш Монгол Улс Транспэрэнси Интернэшнл байгууллагын авлигын индексээр огцом унажээ. Энэ нь авлигатай тэмцэнэ гэсэн Ерөнхий сайд нь өөрөө авлигаар баяжиж хөлжсөн тул ийнхүү огцорлоо гэсэн байна.

 

04 Jun 2025 12:30PM
Б.БОЛД
280
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ