
Тэртээх 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг монголчууд хийсэн байдаг ч өнөөдрийг хүртэл монголын ард түмэнд Оюутолгойн орд газар үр өгөөжөө өгч эхлээгүй байна. Цаашид 2037 онд 34 хувьд ногдох ноогдол ашиг авахаар хүлээж байгаа ч дахиад тодорхойгүй хугацаагаар хойшилж ч болзошгүй байна. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, олборлож байгаа хүдрийн баяжмал, алтны хэмжээ нэмэгдсэн ч тус компани ашиггүй компаниудын тоонд багтсан хэвээр байгаа бөгөөд Монгол Улсад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ч төлж чадахгүй байна.
Цаашид Оюутолгой компани гүний уурхайн олборлолтоос хальж хажуу зэргэлдээ байх баяжмалын хэмжээ ихэд тооцогдох “Онтрэ”-гийн ордыг ухаж олборлох сонирхолтой байгаа төдийгүй тус ордын 80 хувийг “Рио Тинто” компани өөрт авах сонирхолтой байна. Энэ сонирхлоо ч илэрхийлж Монголын төрийн албадад холбогдох албан бичгүүдийг хүргүүлсэн байгаа билээ. Тэгвэл шинэ Засгийн газрын төлөөлөлтэй өнөөдөр уулзаж дээрх нөхцөл байдлын талаар ярилцсан байна. Монгол Улс Оюутолгойн олборлож байгаа баялагт эзэн сууж чадаагүй бөгөөд хувь эзэмшлийн 34 хувиасаа ч ашиг авч чадахгүй байгаа зэрэг нь 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг “Рио Тинто”-гийн талд хэтэрхий ашигтай хийснээс болсон юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр аль 2021 онд УИХ-аас гаргасан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахыг хүсчээ. Мөн монголын тал Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлуудыг бүтэн зургаар нь авч үзэх шаардлагатайг хэлсэн бөгөөд үйл ажиллагааны ил тод байдал, худалдан авах ажиллагаа, татвар, байгаль орчин, ялангуяа ус ашиглалт зэрэг мэдээлэл дутуу дулимаг байдгийг онцолжээ.

7°C
