Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЗАЛУУСЫН ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ БА АВИЛГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ, ХҮЧИРХИЙЛЭЛД ДАРЛУУЛСАН ҮНЭН:

Жагсаал хэрхэн эхэлсэн бэ?

2025 оны эхний саруудад Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд эхэлсэн жагсаалын сүүдэр өнөөдрийг хүртэл Монголын нийгмийн анхаарлыг татсан үзэгдэл болжээ. Өнгөрсөн 1 дүгээр сард өрнөсөн тайван жагсаал хагас жилийн дараа дахин эрчимжлээ.

Учир шалтгаан ба шаардлага

Жагсаал эхлэхэд авлигын эсрэг, ил тод байдал, нийгмийн шударга ёсыг нэхэх гол санаа нь байсан бол аажмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагатай гэж олон нийт үзэж эхэлсэн нь улс төрийн шинэ эргэлт авчирсан.

Залуус болон жагсагчдын төлөөлөгчид Засгийн газрын зарим шийдвэрүүд, тендер шалгаруулалтын шударга бус байдлыг шүүмжилж, дуу хоолойгоо илэрхийлсэн юм.

Жагсагч Ж.Өнөмөнх:

“Ерөнхий сайд ёс зүй, хариуцлага ярьдаг. Тэгвэл тэр яриагаа бодит үйлдлээр нотлох цаг болсон.” хэмээн өөрийн байр суурийг илэрхийллээ.

Энэхүү жагсаалын зорилго нь зөвхөн нэг хүнийг эсэргүүцэх бус, Монгол улсын төр засгаас иргэд шударга ёсыг шаардан хариуцлага нэхэж байгаад оршиж байгаа юм.

Иргэдийн зориг ба эв нэгдэл

Жагсаалд оролцогчид бие биенээ дэмжиж, ус, халуун цай хоол, анхны тусламжийн хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлсийг төвлөрсөн удирдлагагүйгээр хуваалцан, эв санааны нэгдлээр жагсаалыг эмх журамтай явуулсан нь олон улсын ажиглагчдын талархлыг хүлээсэн билээ.

Жагсаалд оролцогчдыг халуун цай хоолоор хангаж, идэвхтэй дэмжин оролцож буй иргэн Н.Баттулга хэмээх жагсагч хэлэхдээ:

“Энэхүү жагсаал нь болоод л өнгөрдөг олон олон үр дүнгүй жагсаалын нэг бус, харин ард түмний хүсэл мөрөөдлийн илэрхийлэл болж, үр дүнд нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёсыг хангах, авилга, хээл хахуулиас ангижрах үндэс суурь тавигдах ёстой” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн нь олон нийтэд хүчтэй хүрч, энэ жагсаал нь хувь хүний ашиг сонирхол бус, улс төрийн бодит өөрчлөлт рүү чиглэсэн тэмцэл гэдгийг харуулсан.

Жагсагчдад ирж буй дарамт шахалт

Гэвч иргэдийн эхлүүлсэн энэ хөдөлгөөн нь зөвхөн дэмжлэг төдийгүй дарамт, шүүмжлэл, гутаан доромжлолтой тулгарч байгаа нь туйлын харамсалтай.

Хөдөлгөөн эхлүүсэн өдрөөс эхлэн жагсагчдыг дагаж мөрдөх, бие махбодод нь халдах, баривчлах, байцаах, сөрөг жагсаал зохион байгуулах зэрэг үйлдлүүд гарч байгаа бөгөөд, эрх баригчдын зүгээс иргэдийн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авахын оронд цагдаа, хүчний байгууллагаар дамжуулан дарамт шахалт үзүүлж байгаа талаар жагсагчид мэдээлж байна.

Сошиал орчинд л гэхэд жагсагчид хоёр төрөл дайралттай тулгарч байна:

  • Нэг хэсэг нь жагсаалын үндэслэл, зорилгыг шүүмжилж, “төлбөртэй жагсагчид”, “төрийн эсрэг үзэлтэн” гэж гүтгэж байгаа бол
  • Нөгөө хэсэг нь хувь хүний хувийн амьдрал, амжилт, уй гашууг нь ашиглан, хэт субьектив дайралт хийж байна.

Олон нийтийн сүлжээгээр олны танил эрхмүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, бүр нэр бүхий УИХ-ын гишүүд хүртэл жагсагчдын эрхийг хязгаарлах, үзэл бодлоо илэрхийлэхийг нь боомилоход чиглэсэн үг үйлдэл, сурталчилгааг идэвхтэй явуулж байгаа нь харамсалтай юм.

Хувь хүний эмзэг түүхийг ашигласан довтолгоо

Жагсаалын удирдагчдын нэг О.Уламсайхан гэх залуугийн амьдралд тохиосон уй гашуу, эмзэг түүхийг ашиглан түүнийг гүтгэн, жагсаалд оролцох эрхийг нь хязгаарлах оролдлого хийсэн нь хүний эрх, ардчиллын тулгуур зарчмыг ноцтой зөрчиж байна.

Шударга ёсны төлөөх тэмцэл үргэлжилнэ

Энэхүү жагсаал нь нийгмийг талцуулсан эмх замбраагүй явдал бус, ёс зүй, хариуцлага, шударга ёс, эрх чөлөөг нэхсэн, иргэд, ард түмний ухамсар, эв нэгдлийн тэмцэл болж байна. 2025 оны тавдугаар сарын энэхүү жагсаал нь Монголын ардчиллын хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд иргэдийн эв санааны хүч, хариуцлагын төлөөх хүсэл тэмүүллийг тодотгосон түүхэн үйл явдал болж байна. Гэвч энэ хөдөлгөөнд оролцогчид нь элдэв дарамт, шахалт, заналхийлэлд өртөж байгаа нь Монгол улсад хүний эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийн хамгаалалт хэр эмзэг байгааг харуулж байна.

Иргэдийн тайван жагсаал хийх, шударга ёсыг шаардах эрх нь ямар ч тохиолдолд дарангуйлал, дарамтаар боогдох ёсгүй. Монгол улсын иргэд өөрсдийн итгэл үнэмшлээ чөлөөтэй илэрхийлэх, шударга ёсыг хангуулахын төлөө цаашид ч тэмцсээр байх болно.

28 May 2025 12:34PM
159
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ