
Өмнөговь аймгийн Оюутолгой орд газарт хөрөнгө оруулагчдын гэрээний дагуу үйл ажиллагаа явуулаад 16 жил болжээ. 2023 онд Рио Тинто компани гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгаж, гүнээс зэсийн баяжмал олборлож эхэлсэн. Энэ нь Оюутолгойн ордын хамаг нөөц, бүх боломж руу нэвтрэн орлоо гэсэн үг юм. Тухайн үед Монголын Засгийн газар Монголын талд ноогдох 34 хувьтай холбоотой Монголын өрийг тэглэлээ хэмээн зарлаж, иргэн бүрт 300 мянган төгрөгийг ковидын үед олгож байсан. Өөрөөр хэлбэл, 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа С.Баярын Засгийн газар Оюутолгойн ордын Монголын талын 34 хувийг эзэмшихдээ гадаадын компанид өр тавьсан байдаг. Энэ өр төлбөрийн хүүг өнгөрсөн хугацаанд төлж ирсэн бөгөөд одоо хүүгийн хүүг ч төлдөг юм байна.
Тиймээс Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй Засгийн газрын гишүүд Оюутолгой компанийн Монголын талын 34 хувьд ноогдох хүүг бууруулах, хүүгийн хүүг ч бууруулах хэлэлцээ эхлүүлэхээр болоод байгаа юм. Рио Тинто компанийн зүгээс энэ асуудалд тодорхой байр суурь илэрхийлээгүй. Сүүлийн 16 жилийн хугацаанд Оюутолгойд нийтдээ 26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс 20 тэрбум долларыг нь зээлээр санхүүжүүлжээ. Энэ зээлийн 6.1 тэрбум ам.доллар нь Рио Тинтогоос авсан бөгөөд өнөөдөр хүүгийн хуримтлал нь анхны зээлийн хэмжээг давж, 12 тэрбум ам.доллар буюу 43.2 их наяд төгрөгт хүрээд байна.
Нэг үгээр, Монгол Улс өөрийн баялгийн 34 хувийг эзэмшихдээ гадаадын үндэстэн дамнасан корпорацид мөнгө төлж байгаа юм. Энэ өрийн хүү нэмэгдсээр зөвхөн төлбөрийн хүүнд 43.2 их наяд төгрөг төлөхөөр болоод байгааг Засгийн газрын гишүүд мэдээлж, Рио Тинто компанитай хэлэлцээ хийхийг хүсч буй юм.

11°C
