
Нүүрсний 40 их наядын хэрэгт Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг яллаж, хорьж байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулан өндөр албан тушаалтнууд, мөн хэргийн жинхэнэ зохион байгуулагчид “гадаа үлдлээ” гэж ял авсан Б.Ганхуяг хэлж байсан юм. Тэгвэл ХДЗХ-ийн сайд Б.Энхбаяр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн захидлыг олон нийтэд дэлгэлээ. Тэрээр цагдан хорих 461-р ангид хоригдохоосоо өмнө МАН-ын генсек байсан Д.Амарбаясгаланд мэссэж бичсэн боловч ижил нэртэй Д.Амарбаясгаланд андуурч илгээсэн гэх захидлыг өнөөдөр дэлгэлээ.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг нүүрсний гэмт хэрэгт яллаж, хорих ял оноосон. Түүний хамтрагчид нь УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Монголын төмөр зам” компанийн захирал, Хөдөлмөрийн баатар Удаанжаргал нар гэдгийг тухайн үед мэдээлж байсан ч үүний ард том эзэн нь чимээгүй, ял авалгүй үлдчихлээ гэж иргэд ярьцгааж байсан юм. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг андуурч бичсэн мэссэжиндээ хэд хэдэн ноцтой зүйлийг дурьджээ. Тухайлбал,
2018 оны есдүгээр сарын 9 “...Сумьяад алдвал юун нам, юун гэрээ болох нь тодорхой болчихоод байна. Ойлгоорой, найзынхаа мэдрэмжинд итгээрэй. Сумьяа өчигдөр Удаанаагийн ажлын хэсгийн үйл ажиллагааг шууд хүн болгон руу нь утсаар ярьж зогсоосон. Удаанаад ганцхан МТЗ-ын Цэнгэл ахын хэдэн хүн л үлдсэн. Би хүмүүсээ шаардаад ч оролцуулж чадахгүй хүчин мөхөстөж байна. Бүгд Сумьяагаас айгаад байна. Энэ хүний саврыг татуулахгүй бол бид зүтгэж олж авсан бүх зүйлээ нэг муу шуналтай бэртэгчинд нүдэн дээрээ алдсаар байна... Надруу энэ компанийг сүйрүүлэхээр захиалгат алуурчин явуулж байгаа гэдгийг би чамд зөндөө хэлсэн. Чи үл тоосоор ирсэн. Надад одоо л таны дэмжлэг, хүч, нөлөө ус агаараас илүү хэрэгтэй болоод байна. Сумьяа 14 хоногийн экспресс палан надад зориулан гаргаж, амжилттай хийсээр байгааг та ч би ч мэдсээр байж ийм боломж олгож болохгүй шүү. Энэ томилгоог нэг муу дэд гэж битгий андуураарай хөгшөөн. Энэ бол дараа дараагийн амаа барих бүх саад, ялагдлын бодит эхлэл гэдгийг би баталж чадна аа... Энэ томилгоог алдвал ЭТТ-ийн 50 хувийг алдсан гэсэн үг. Юун том төсөл, том хөрөнгө, том ирээдүй нө нө шүү дарга аа... Миний найз би чиний төлөө за гэж хэлээд ёогүй зүтгэж байгаа. Хэлсэн үг бүрийг чинь тушаал мэт хүлээн авч, хатуу биелүүл, хүлээсэн үүргээ нэр төртэйгээр бахархалтайгаар биелүүлснийг бүгд мэднэ. Аюур хүртэл надад итгэхээ больсон. Сая тусламж хүсэж очиход чиний үнэнчээр амиараа хаагаад зүтгээд байсан Амараа чинь чамайг хүнд үед чинь хаясан уу гэж асуултаа эхлүүлж байна. Би чиний итгэлийн дагуу компаниа засан төвхнүүлсэн. Харин Сумьяа орж ирсэнээс хойш миний бүх гар, хүнийг тасдах оролдлого хийсээр ирсэн. Одоо бүр хэтрээд чи бид хоёрын зассан үүрийг дотроос нь эзэнтэй нь хамт шатаах гэж байхад чи тайван байсаар л байна. Бидэнд одоо 24 цаг л үлдлээ” хэмээн мэссэж бичсэн байжээ.

11°C
