
МАН-ын их хурал энэ сарын 15, 16-нд Буянт ухаа спорт цогцолборт болно. Тус хуралд МАН-ын 2000 гаруй төлөөлөгч оролцож намынхаа шинэ даргыг сонгох юм. Мөн МАН-ын нарийн бичгийн дарга, Хяналтын хорооны дарга нарыг өөрчилж, дотоод бүтцийн асуудлыг ярилцана. МАН-ын даргад УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөж байсан. МАН-ын бага хурлаар Д.Амарбаясгалан олонхийн санал авсан ч 3/2-ийн саналыг авч чадаагүй. Тиймээс МАН их хурлаараа намын даргаа дахин сонгох сонгууль зохион байгуулах юм.
МАН-ын парламент дахь 68 гишүүн үүнээс болж 30, 38-аараа хуваагдсан. Улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргаа ч өөрчилж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг ч огцруулсан. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Засгийн газрыг огцруулахаар улайрахдаа Үндсэн хууль зөрчиж хуралд удирдсанаасаа болж огцорч байгаа юм. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг дэмжиж буй 30 гишүүний дийлэнх нь жагсаалтынхан. Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын талынхан үндсэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талынхан гэж хэлж болно.
МАН-ын их хурлаас өмнө МАН-ын даргад нэр дэвшигчид бие биенээ сошиалд нэр хүндийг нь унагаж, элдэв хулгай, луйврыг нь дэлгэсэн. Энэ нь МАН-ынхан авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн, өнгөрсөн хугацаанд эрх барихдаа төрийн өмчийн “Эрдэнэс тавантолгой” компанийг цөлмөж байсныг илчилсэн нь нэг талаараа сайн хэрэг болоод байгаа юм. Олон нийт, ард түмэн энэ үнэнийг мэдэх эрхтэй. Харин МАН-ынхан их хурлаасаа өмнө эвлэрсэн мэт дүр зургийг дахин зурж эхэллээ. Нэр дэвшигчид нэрээ татаж, МАН-ын даргад цоо шинэ кандидатыг бэлтгэж байна. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр хоёулаа биш. Нэг нь хулгай луйварт холбогдож, монголчуудын эдэлж хэрэглэж амжиргаагаа залгуулж байсан “Эрдэнэс тавантолгой”-г цөлмөсөн. Нөгөө нь шилдэг удирдагч байж чадахгүй гэдгээ удаа дараалан харуулж, шат шатны сонгуульд ялагдсан гээд сул талууд ихтэй. Тиймээс МАН шинэ кандидат байх ёстой гэсэн хувилбар руу явцгаалаа.
МАН даргын сонгуулиа хийж чадахгүй, хэрүүл тэмцэл өрнүүлж үнэн царайгаа ард түмэнд харуулж байна. Энэ нам хулгайчидтайгаа тэмцэж чаддаггүй, хулгай хийхэд нь хажууд нь хараад суудаг гишүүдтэй гэдгээ илтэд харууллаа. Найман жил төрийн эрхийг барихдаа яам, агентлаг, газар хэлтэс бүрт хүнээ шургуулдаг, түүгээр дамжуулж хулгай хийдэг гэдгийг шоронд байгаа Б.Ганхуягийн захиагаар монголчууд мэдэж авлаа. МАН-ын 30-р их хурлаар авлигачидтай тэмцдэг нам болно гэсэн нь уриа лоозон байж. Тэгвэл шинэ дарга нь өмнөх дарга нарынхаа алдааг давтаад явах уу, нам дотроо жинхэнэ сэлэм эргүүлэх үү. Шударга ажиллаж, эрдэм номтой, монголын төлөө цохилох зүрхтэйг нь дэмжих үү, эсвэл Л.Оюун-Эрдэнэ шиг англи хэлтэй л бол хүн байх боловсрол эзэмшээгүй , хулгай зэлгийг эрээ цээргүй хийдэг зэрлэгүүдийг дэмжих үү гэдэг нь шинэ даргын таалал боллоо.
МАН-ын орон нутаг дахь анхан шатны гишүүдэд итгэхэд бэрх. Тэд хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй түүнийг дагаж намирдаг бичигдээгүй хуультай. Анхан шатны намын төлөөлөгчдөд хууль зөрчих, зөрчихгүй нь падгүй. Дэмжсэн дарга нь ямар хамаагүй аргаар ялж л байвал болоо гэдэг илжирсэн бодолтой хүмүүс. Тиймээс ч МАН-ын бага хурлын гишүүд буруу зөвийг ч ялгалгүй авлига, хулгайн хэрэгт холбогдсон эсэхийг үл хамааран дэмжсэн байдаг. Энэ бол МАН-ын жинхэнэ нүүр царай.
МАН-ын даргын сонгуульд өрсөлдөнө гэдэг бол Засгийн газар, УИХ, хууль хяналтын байгууллагад улс төрийн нөлөөллөө бүрэн тогтооно гэсэн үг. Маш том эрх мэдлийн төлөөх дайн гэж ойлгож болно. Ийм эрх мэдлийн төлөө намын даргад нэр дэвшигчид өрсөлдөж, цахим орчинд нэгнийгээ хулгайч, түүлгэчээр нь дуудсан нь энэ юм.
Ямартай ч МАН үе залгамжлан ажиллах шинэ даргаа сонгох гэж байна. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар намынхаа эв нэгдлийг бодоод нэрээ татсан гэж мэдэгдэлдээ хэн хэн нь дурьджээ. Тэдний араас Монгол Улсын тэргүүн шадар сайд Н.Учралыг нэр дэвшүүлэх тохироо хийгдэж байна.

11°C
