
МАН-ын 31 дэх их хурал өнгөрсөн өдрүүдэд болж МАН-ын бага хурлын гишүүдийг сонголоо. Бага хурлын гишүүдийн тоог 590 болгон нэмэгдүүлж, гишүүн нэг бүрээс жилд 6.5 сая төгрөгийн хураамж авахаар МАН дүрмээ баталсан байна. Тэгвэл шинээр байгуулагдсан МАН-ын бага хурал өнөөдөр 16:00 цагт хуралдаж МАН-ын нарийн бичгийн дарга нарыг өөрчилж, Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг томилно.
Өнгөрсөн хугацаанд МАН-ын нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын найзууд ажиллаж байсан юм. Тухайлбал, Хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай, Л.Оюун-Эрдэнийн найз Н.Энхбаатар, Д.Амарбаясгалангийн ойрын хүн Ц.Чулуунзагд, Н.Энхбаярын туслах Б.Тулга нар МАН-ын нарийн бичгийн даргын ажлыг хийж байсан. МАХН-ын квотоор гэж хэлэгдэж байгаа Б.Тулга Н.Энхбаярын заавраар, олон талт ажиллагаанд нь туслаж, МАН-ын хуваагдлын үеэр Д.Амарбаясгалангийн тал болж жүжиглэсэн нэгэн. МАН-ын нарийн бичгийн дарга нар өнгөрсөн хугацаанд тус намыг хагалган бутаргах гол ажлыг зохион байгуулсан гэж МАН-ын анхан шатны байгууллагын төлөөлөгчид хэлж буй. Намын гишүүдийн тэгш оролцоог хангаагүй, гишүүдийг алагчилж үзсэн гэж эдгээр хүмүүст муу дүн тавьж байна. Мөн МАН-ын нарийн бичгийн дарга нар улс төрийн нөлөөллөө ашиглаж хувьдаа төрийн мөнгөнөөс завшсан асуудал үүсгэсэн зэрэг зөрчлүүд олон байгааг мэдээлж байгаа юм. Эдгээрийн нэг нь "Тавантолгой" ордын Бортээгийн уурхайд эзэн суусан МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын хэрэг гэрчилж байна. Тиймээс МАН-ын нарийн бичгийн дарга нар урдах ажлаа хийлгүй, хувийг ашиг сонирхлоо дээгүүр тавьсан муу нэр зүүгээд байна.
Тэгвэл өнөөдөр МАН-ын шинэ бага хурал бүрэлдэхүүнээрээ хуралдаж дээрх хүмүүсийг солих эсэхийг шийдэх юм.

11°C
