
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, зарим томилгоог хийхээр шийдвэрлэсэн байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотой “Эрдэнэс Монгол” ХК-ийн захирал С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохоор УИХ-ын дарга Н.Учрал бүлгийн гишүүддээ танилцуулсан байна. Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт нь төрийн яам, агентлагт олон жил болсон, улстөрд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар нарын талын хүн гэгддэг. Тэрээр 2018 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Түүнийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга байхад тус банкны 1,8 их наяд төгрөгийн чанаргүй зээл гарч, дампуурах дээрээ тулаад байсныг өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа мэдээлсэн. Мөн Сангийн яамны газрын дарга, ТНБД, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, “Эрдэнэс Монгол” ХК-ийн захирал гээд албан тушаалуудыг хашиж байхад нүүрсний 44 их наядын хулгай луйврууд гарч байлаа. Нүүрсний гэмт хэргүүдийг илрүүлэхийн тулд төрийн өмчит компаниудын толгой компани болсон “Эрдэнэс Монгол” компаний удирдлагуудыг шалгахад зарим хэргийн үзүүрээс атгана хэмээн зарим хүмүүс хэлдэг. Учир нь нүүрсний хулгайн хэрэг одоо ч эцэслэж шийдвэрлээгүй байгаа юм. Тэгвэл МАН-ын гишүүд эвлэрсэн гэх нэрийн дор дээрх томилгоог хийхээр болжээ.
Монголбанкны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатарыг томилох яриа байсан ч түүнийг дэмжээгүй байна. Тиймээс Ч.Хүрэлбаатарын хүн гэгдэх С.Наранцогтыг томилохоор болжээ.

12°C
