Өнөөдөр
Jul 22, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ШАТАХУУНЫ ОЛИГАРХИ КОМПАНИУДАД 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСВӨӨС ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

УИХ-ын дарга Н.Учралд өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Тус хуулийн талаар Ерөнхий сайд Г.Занданшатар сар орчмын өмнө мэдээлэхдээ шатахууны компаниудад тусгайлан хууль зориулж батлаад 300 тэрбум төгрөг олгоно гэж байсан бол өнөөдөр өргөн мэдүүлсэн хуулиар энэ тоог 500 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр хуулийн төслөө бичжээ. Энэхүү хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлсэн байна.  

Улсын хэмжээнд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах үүднээс тогтмол нөөцтэй байлгах зорилтын хүрээнд импортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нөөцийг бүрдүүлэх, хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх, бодит шаардлага зүй ёсоор тулгарсан тул уг хуулийн төслийг боловсруулсан хэмээн сайд Г.Дамдинням танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байна. Улс орны нийгэм, эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, 2025 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар импортын хэмжээ 2.2 сая тонн болсон нь өмнөх оноос 21,0 хувиар өссөн үзүүлэлттэй гэв.

Монгол Улсад шатахууны худалдаа эрхэлдэг компаниудын эзэд нь бүгд улс төрчид байдаг билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Батчимэгийн хамаарал бүхий "Шунхлай" компани, УИХ-ын гишүүн асан, МАН-ын ажлын албаны дарга О.Содбилэгийн "Петровис" компани, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн байгуулсан шатахууны шинэ "Тод петролиум" компани, УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын "Сод Монгол"  гээд том, жижиг нийлсэн шатахууны компаниуд бүгд улс төрч эзэдтэй билээ.

25 Nov 2025 03:37PM
318
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ