
Өнөөдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байна. ДЭМБ-ын санаачилгаар 1988 оны 12-р сарын 1-нээс эхлэн дэлхий нийтээр ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэж ирсэн. 1995 онд ХДХВ-ийн халдварын эсрэг анхны үр дүнтэй нийлмэл бэлдмэл эмчилгээнд нэвтрүүлжээ. Үүнээс өмнө өдөрт 6-8 ширхэг эм уудаг байсан бол 1995 онд гурван эмийн холимгийг өвчтөн өдөрт нэг ширхгийг тогтмол цагт уух боломжтой болсон. Энэ өвчний эмчилгээнд том дэвшил авчиржээ.
Өмнөд Африкт шимпанзе-н махыг хүнсэндээ хэрэглэх үед ХДХВ хүнд халдварласан байж болзошгүй гэж үздэг. ХДХВ мутацид орж хувьсан өөрчлөгдөж байдаг тул энэ халдварын эсрэг вакцин өнөөг хүртэл гараагүй байна.
Монгол Улсад ХДХВ-ийн анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн бол хоёр дахь нь 1997, гурав дахь нь 2001 онд, дөрөв дэх нь 2003 онд бүртгэгдсэн. 2013 онд хамгийн олон буюу 31 хүн бүртгэгдсэн бол 2025 оны 11-р сарын 20-ны байдлаар 36 тохиолдол бүртгэгдэж, таван хүн энэ халдварын улмаас хорвоог орхижээ.
Халдварын тохиолдол нь нийт хүн амын 0.1 хувиас бага бол тархалт багатай улс гэж үздэг бөгөөд манай улс энэ ангилалд багтаж байна.
Улсын хэмжээнд ХДВХ халдвар авсан 424 хүн бүртгэгдсэн бол 353 хүн өнөөдөр халдвар тээн амьдарч байна. Монголд 694 хүн халдвартай байх боломжтой ба энэ онд 48 хүн шинээр оношлогдох магадлалтай гэсэн тооцооллыг 2024 онд гаргажээ. Өнөөдрийн байдлаар 36 тохиолдлыг оношлоод байна. 2025 он дуусахад сарын хугацаа байгаа учир энэ тоо нэмэгдэх магадлалтай, бид тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. ХДХВ-ийн оношилгоо, эмчилгээний зардлыг 100 хувь төрөөс хариуцаж байгаа ба жилд дунджаар 300-350 сая төгрөг зарцуулж байна.

12°C
