
МАН-ын даргын төлөөх зодоон намжсан мэт нийгэмд ойлгуулж эхлэв. МАН-ын дарга бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлдэг. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татсан нь УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн “хүсэл” байсан гэж хэлж болно. Учир нь Д.Амарбаясгаланг МАН-ын даргад өрсөлдүүлэхгүй гэх акц явах үеэр Г.Занданшатарыг нэрээ татвал Д.Амарбаясгалан өрсөлдөхгүй гэх тохироог хийсэн байдаг. Тиймээс ч хоног дараалан энэ хоёр МАН-ын даргын төлөөх сонгуулиас нэрээ татсан. Ингээд МАН-ын даргад Н.Учралын нэрийг дэвшүүлж, харин Ерөнхий сайд Г.Занданшатар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших тохироог бүрдүүлсэн байна. Харин Д.Амарбаясгалан нүүрсний хулгайн хэргээ наймаалцсан байж болзошгүй юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших бэлтгэлээ эхлүүлсэн гэж ойлгож болно. Тиймээс ч Ерөнхий сайдын танхимыг хөдөлгөхгүй гэж МАН-ын дарга Н.Учрал тамга гардах үеэрээ мэдэгдсэн билээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар авлига, хулгайн гэмт хэрэгтэй хатуу тэмцэж, тэдэнтэй эвлэрэхгүй гэж удаа дараалан мэдэгдэл хийж байсан ч МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн дуусмагц энэ үг нь уриа лоозон шинжтэй байв уу гэх хардлагыг төрүүлээд байна. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан болон түүнийг тойрсон хулгайн хэргүүд юу болов, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяагийн Үндсэн хууль зөрчсөн хэргийг яагаад парламент шийдэхгүй өнгөрөв, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нарын төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэх хэрэг хэрхэх вэ, УИХ-ын жагсаалтын гишүүдийн хууль бус үйлдэл, ард иргэдээ үгүйсгэсэн зан авирт ёсзүйн болон бусад хариуцлагыг тооцох уу, төрийн өмчит компаниудад гарч буй төсвийн хулгай, төрийн бүх шатанд болоод байгаа “ажилгүйдэл” буюу үр дүнгүй ажилчдад хариуцлага тооцох уу гэхчлэн маш олон асуудал шийдлээ хүлээж байна. Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатар камерийн өмнө гарч ажил хийсэн “царайлах” энэ тактик нь шинэ Ерөнхий сайд хуучнаасаа нэг их ялгарахгүй юм шив дээ гэдэг хандлагыг нийт иргэдийн дунд үүсгээд байгаа юм.
Урдах ажлаа мэдэхгүй, ард иргэдийн амьдралыг ойлгоогүй Ерөнхий сайд хий дэмий л айхалж байна. Энэ янзаараа нэр цэвэр, цагаан захтан царайлж явсаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг алс холын мөрөөдөлтэй явна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч Ерөнхий сайд Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд сойж байгаагаа ч үг, үйлдлээрээ харуулсаар байна. Тэдний хоршил 2027 оноос өмнө задарчихгүй бол Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Ерөнхий сайд Г.Занданшатар өрсөлдөх тохироог МАН-ынхан хийгээд байгаа юм. Бас дундуур нь өөр муур гүйчихгүй бол Г.Занданшатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр зэхэж байна. Хаа байсан 2027 он мэт боловч улс төрийн намууд одооноос нэр дэвшигчдээ бодож, зарим нь хэдийнэ бэлтгэл ажилдаа орсон билээ.
Сонгуулиас сонгууль бодож явсаар монголын хөгжил тээр хойно хоцроод байна. Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж сонгуульд ялалт байгуулдаг боловч сүүлийн жилүүдэд ажиллаж байгаа Засгийн газрууд 2040, 2050 он хүртэл ажлаа төлөвлөдөг байдлаас болж Монголын өнөөдрийн болон одоо цагийн амьдрал үгүй болоод байгаа билээ. Ард иргэд ядуу, боловсролын хүрэлцээ байхгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэт хоцрогдсон, нийтийн тээвэр хөгжөөгүй, залуус нь гадаад орныг мөрөөдсөн энэ амьдралтайгаа 2040, 2050 он хүртэл хүлээ гэж Засгийн газрууд мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа нь хэтэрхий шударга бус юм. Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим ч яг энэ менюг монголын ард түмэнд үзүүлж байгаа нь яавч “Шинэ итгэл, эрс шинэчлэл” биш билээ.
Нэн тэргүүнд Засгийн газрын тэргүүн нь авлига, хулгайн гэмт хэрэгтэй зоригтой тэмцэж, улс төрчдөд хариуцлага тооцож чаддаг гэдгээ үлгэрлэх нь чухал болоод байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа өөртөө байнга шинэ дайсан гаргаж ирсээр эцэс сүүлдээ хулгайтай ч тэмцсэн зүйлгүй, өөрөө авлигын гэмт хэрэгтэн болоод огцорсон шиг Ерөнхий сайд Г.Занданшатар авлига, хулгайтай тэмцэхгүй бол ард түмэнд Засгийн эрх мэдэл бүхлээрээ байдаг гэдгийг санах үед хэтэрхий оройтсон байх вий.

12°C
