
Г.Занданшатарт зөвлөх олдохгүй АН-ын гишүүдийг гуйв
МАН төрийн эрх бариад 10-аад жил болж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар үүний зургаан жилд нь УИХ-ын дарга байсан бөгөөд өнгөрсөн сонгуулиар ялагдсан. Гэсэн ч тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, үргэлжлүүлэн Ерөнхий сайдыг албыг хашиж байна. Энэ нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг төрийн өндөр албан тушаалд шинэ хүн биш гэдгийг харуулж байгаа юм. Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн албан ёсны зөвлөхүүдээс гадна орон тооны бус Хөгжлийн бодлогын зөвлөлийг өчигдөр орой шинээр байгуулжээ. Энэ бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүд бүрдүүлж байгаа бөгөөд цөөн тооны эдийн засагч, технологич, эмч болон бусад салбарын хүмүүс бүрдүүлж байна. Өмнөх Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн зөвлөл нэртэй олигархиудыг яг ингэж дэргэдээ авч ажиллуулж, өөрийн талдаа оруулж байсан. Харин энэ удаад Ерөнхий сайд Г.Занданшатар Хөгжлийн бодлогын зөвлөлийг УИХ-ын гишүүдээр бүрдүүлсэн нь парламентад кноптой байх гэсэн хүслээ баталгаажуулж буй хэлбэр гэж харагдаж байна.
Түүнээс гадна МАН-аас томилогдсон Ерөнхий сайд өөрийн гэсэн үзэл бодолгүй, бие даасан шийдвэр гаргах чадамжгүй гэдгээ ч энэ зөвлөлөөр харуулж байна. Хүний үгээр үг хийдэг хүн хол явдаггүй. Энэ зарчмаар Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн гэсэн үнэт зүйлгүй гэдгээ нотлоод зогсохгүй АН-ын дөрвөн гишүүнийг Хөгжлийн бодлогын зөвлөлдөө урьж ажиллуулж байгаа нь улс төрийн хувьд МАН-ынхан АН-д далан таваар бууж өгчээ. АН-ын гишүүн С.Цэнгүүн зөвшөөрөөгүй байхад Хөгжлийн бодлогын зөвлөлд оруулсныг гайхаж буйгаа цахим орчинд илэрхийлсэн нь ч үүнийг гэрчилнэ. Нэг үгээр МАН-ын 300 гаруй мянган гишүүнээс Ерөнхий сайдад зөвлөх хүн олдохгүйн дээр гуйж очсон АН-ынхан ч түүнийг голжээ.
Сүүлийн жилүүдэд төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн орон тооны зөвлөхүүдийг туслахын дайтай үзэх болсон нь монгол төрийн ажил цалгардаж буйн жишээ болоод зогсохгүй өндөр албан тушаалтнууд ажлынхаа эрэмбэ дарааллыг ч ойлгодоггүй, хэтэрхий их вакумжсаны жишээ юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар тус бүрдээ 10 гаруй хүнийг зөвлөхөөр томилохдоо төрийн хүний чадамжтай эсэхийг үл хамаарч өөрийн ойрын хүмүүсээ томилох болсон нь зөвлөхийн албан тушаалыг үнэгүйдүүлсэн хэлбэр болоод байна. Эдгээр зөвлөхүүд дунд чадвартай нь олон ч чадалгүй чарладаг нь тэднээс нь олон. Гэхдээ дарга нарын кармааны хүмүүс зөвлөхийн орон тоог бөглөж, зөвлөх нэртэй туслахын статустай явсаар сүүлдээ янз бүрийн нэр хоч өгч 20, 30 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөхүүдийг томилдог жишгийг Ерөнхий сайд Г.Занданшатар гүйцэлдүүллээ. Энэ нь цаашлаад УИХ, Засгийн газрын хяналт тэнцлийг ч алдагдуулж байна.

12°C
