
Гаалийн дөрвөн байцаагч 13,5 тэрбумын татварыг улсад төлүүлээгүй гэх ноцтой хэрэгт шалгуулж байна. Улаанбаатар хотын гаалийн гурван байцаагч, Замын-Үүдийн гаалийн нэг байцаагчийн хэргийг Эрүүгийн цагдаагийн албанд шалгаж, мөрдлөгийн ажил үргэлжилж байна. Гаалийнхан хэзээнээс авлига нэхдэг, хясан боогдуулах замаар төрийн ажлыг гацаадаг, аж ахуйн нэгж байгууллагуудын бичиг баримтыг бүрэн байхад дутуу байна гэж шан харамж нэхдэгээрээ алдартай. Тэд 60 гаруй мянган хоосон машин хилээр гарахыг хараагүй гэж мэдүүлээд хэдэн зуун тонн нүүрсний хулгайг дэвэргэсэн алба шүү дээ.
Ард иргэд гаалийнхныг хүнд сурталтай, авлига нэхдэг гэж хэлээд байхад Ардын намаас томилогдсон хуулийнхан болон Ардын намын томилгоотой өндөр албан тушаалтнууд нүдэн балай чихэн дүлий явж ирсэн. Тэд гаалийнхны энэ үйлдлийг мэдээд зогсохгүй, маш том хулгайн бүлэглэл ч үүсгэсэн. Гаалийнхан ганцаараа хулгай луйвар, авлига авч чадахгүй тул татварын байцаагч, хил боомтынхон, төрийн бусад холбогдох албан тушаалтнуудтай хамсаатан байдаг. Тиймээс ч дөрөвхөн байцаагчийн үйлдэл хулгай нь 13,5 тэрбумын хохирол учруулаад байна. Энэ тоо дахиад ч нэмэгдэнэ.
Гаалийн байцаагчид БНХАУ, ОХУ болон бусад улсаас авдаг бараа материалын үнэлгээг хийх бүрэн эрхтэй. Энэ үнэлгээг зах зээлийн ханшнаас хямд үнэ тогтоож, татвар бага төлүүлдэг. Ингэж хууль бус ажилласныхаа төлөө томоохон аж ахуйн нэгжүүдээс маш их хэмжээний шан харамж хувьдаа зувчуулдаг гаршсан үйлдэлтэй. Зарим байцаагчид оройгүй баян болж 10-20 орон сууцыг нууж, дэлхийн хамгийн үнэтэй машин хэрэглэж, үр хүүхдүүд нь гадаадаар тэнүүлчлэн зугаалж амьдардаг. Өөрөөр хэлбэл, монголчуудын төсөөлөөгүй амьдралаар гаалийнхан амьдардаг байна. Тээврийн компаниуд ч гаалийнхын энэ үйлдлээр давхар авлига авч, ард иргэдийг зүдрээдэг нь өнгөрсөн хугацаанд тодорхой болсон. МАН төрийн эрхийг 10 жил тасралтгүй барьж байна. Улаанбаатар хотын гаалийн газрын даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг томилж, улмаар хил гааль, боомтуудын тусгай зөвшөөрлүүд дээр цагдаагийнхан эзэн суусан байна.
Ардын намынхан 10 жил төрийн эрх барихад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга асан, Ерөнхий сайд Г.Занданшатар, генсек Я.Содбаатар нар тасралтгүй даргын албан тушаалтай байна. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр төрийн албанд нэг ч хүнийг томилдоггүй бөгөөд жижиг том гэлтгүй бүх албанд Ардын намын эдгээр даргын хамаарлын хүмүүсийг томилдог нь нууц биш. Ардын намын дарга нар шударга хүн, мэдлэгтэй нэгнээс айдаг. Харин элий балай, тэнэг мангар нь мэдэгдэхгүй, улс орноо тонон дээрэмдэж чадах муу сэтгэлтэй хүмүүсийг томилох дуртай. Дарга нь барь гэвэл барьж, сулла гэвэл сулладаг хуулийнхныг ч эд бүрдүүлсэн. Тэд том хулгайг жижиг хулгайгаар дардаг мэргэшсэн ажилтай. Уг нь ажилдаа хариуцлагатай, эх орноо боддог, ард түмнээ гэсэн сэтгэлтэй дарга бол байгууллага доторх хулгай, авлигатай тэмцэх ёстой юм. Харамсалтай нь Ардын намын толгойноос, хөл хүртлээ ийм сэтгэлтэй дарга байсангүй.
Ерөнхий сайд Г.Занданшатар хуулийнхныг оролцуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж тэд нь гаалийн байгууллагад шалгалт явуулан ийнхүү дөрвөн байцаагчийг баривчлаад байна. Тэдэнтэй хамсаатан гэх 20 орчим хүнийг ч давхар шалгаж баривчилсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатар монголчуудыг бодож хулгайтай тэмцсэн мэт дүр үзүүлэн хачир дээрээ хувийн пиараа л бодож сүржин даржин ажиллаж байгаа царайлж байгааг монголчууд мэддэг болжээ. Ардын намынхан авлигатай тэмцэж чаддаггүй. Харин авлига авсан хүмүүсийг дэмжин урамшуулдаг муухай нам гэдгээ 10 жил харуулж байна. Нэг үгээр гаалийнхны авлига хулгайг ард иргэд, аж ахуйн нэгжүүд аргаа бартал хэлж хашгираад байхад сонсоогүй хэрнээ хувийн пиар хийх гэж хулгайчийг барьсан царайлж байна. Угтаа бол гаалийнхны авлигын ард Ардын намынхны дарга нар бий гэдгийг ард түмэн мэдэх ёстой юм. Нэмж хэлэхэд, Монголд хуулийнхан шударга болсон цагт Монголд нар мандана.

-29°C
