Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР КОМПАНИУДААС ТАТВАР ХУРААМЖИЙГ ШАХАЖ АВАХ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төсвийн орлого 2.3 их наядаар тасарч байгаатай холбоотой Ерөнхий сайд Г.Занданшатар зарим даалгаврыг салбарын сайд нарт өгсөн байна. Ингээд  2025 оны жилийн эцэс хүртэл батлагдсан төсвийн орлого, татвар дээр сайд нарыг онцгой анхаарч татвар хураамжийг авах, орлогод тааруулж алдагдал гаргахгүй байх, зардлаа эрэмбэлэх даалгавар өгсөн байна. Татвар дээр шок өгөхгүйгээр аж ахуйн нэгжүүдэд зөвлөж, эрчимжүүлэн хуулийн хүрээнд албадлагын арга хэмжээ авахаар болжээ. Мөн Хэмнэлтийн тухай хуульд анхаарч, цалин, нийгмийн даатгалын зардал, хүүхдийн мөнгө, онцгой байдал, эрүүл мэндийн салбарын  зардлыг ямар ч саадгүй санхүүжүүлэх даалгавар өгчээ. Энэ хүрээнд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй байх, бэлэг дурсгал худалдаж авахыг зогсоосон байна.  

2025 онд Засгийн газрын нөөц хөрөнгөд 140.8 тэрбум төгрөг байсан бол одоо 20 тэрбум төгрөг үлдсэн байна. Энэ мөнгийг онцгой байдал, ХХААХҮЯ зарцуулах төлөвлөгөө гаргаж танилцуулахаар болжээ. Харин Ерөнхийлөгчийн санаалчилсан “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” болон яамдын дэд хөтөлбөрүүдийн санхүүжилтыг зогсоож, 2026 он руу шилжүүлэхээр болжээ.

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотын гаалийн газар ажилласан. Тус газраас татварын орлого бүрдүүлэхэд саад учруулсан байцаагчдыг шалгаж, баривчилсан талаар мэдээлсэн билээ. Өөрөөр хэлбэл, гааль дээр татварын бүрдүүлэлт хангалтгүй байгаа нь төсөв тасрахад нөлөөлжээ. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар татварын орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, эрчимтэй ажиллах, төрийн байгууллагын ажилтнуудын буруутайгаас болж орлого буурах эрсдлийг хааж ажиллахаар болжээ. Мөн төсвийн татвар бүрдүүлэлтийг өдөр бүр 150 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгчээ. Төсвийн орлого 2.3 их наядаар тасарсан нь нүүрсний үнэ 50 хувь унасан, импортын хувь хэмжээ буурсан болон АН-ын татварын өршөөлийн хууль гаргана гэж мэдэгдсэнээс болж татвар бүрдүүлэлт эрс буурсан гэж Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Өнөөдрийн байдлаар Төрийн сангийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг байна.

10 Dec 2025 12:28PM
213
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ