
Г.Занданшатарын Засгийн газар энэ онд багтаж дэд сайдуудыг томилохоор боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнийн батлуулсан Засгийн газрын бүтцээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Л.Оюун-Эрдэнэ 16 яамтай, 4 яамгүй сайдуудтай ажиллах бүтэц батлуулсан байдаг. Тэгвэл энэ сарын 17 буюу маргаашийн Засгийн газрын хуралдаанаар 16 дэд сайдыг томилохоор боллоо. Засгийн газар төсвийн орлого тасарсан тул аж ахуйн нэгжүүдээс татвар, хураамжийг яаралтай татан төвлөрүүл гэдэг хатуу даалгаврыг сайдуудад өгөөд буй. Санхүү эдийн засгийн хувьд асар хүнд байдалд орсон Засгийн газар 16 дэд сайдаар бүл нэмэх гэж байна.
Дэд сайдуудын томилгоог Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын генсек Я.Содбаатар, УИХ-ын дарга Н.Учрал мэдэж, энэ дөрвөн даргын зөвшөөрснөөр л дэд сайдуудыг томилох юм байна. Өөрөөр хэлбэл, МАН дэд сайдуудын томилгоон дээр маш хаалттай байр суурийг баримтлаж байна. Дээрх дөрвөн хүний “таалалд” нийцсэн улс төрчдийг томилох бөгөөд дэд сайдуудын нэрийг Г.Занданшатарын талд орсон УИХ-ын 38 гишүүнээс санал авч томилох юм.
Нэмж мэдээлэхэд, сүүлийн хэдэн өдөр хэвлэл мэдээллийн зарим байгууллага, сэтгүүлчид өөрсдийн сошиал хуудсанд дэд сайудуудын томилгоог яаралтай хийх тухай хөндөж мэдээлж байсан нь зүгээр нэг тохиолдол биш байна. Энэ нь Засгийн газраас хийж буй пиартай холбоотой байж болзошгүй буюу дэд сайдууд хэрэгтэй гэдэг цахим мэссэжийг өгч байжээ.
МАН-ын дөрвөн дарга фракц төлөөлөх хүмүүсээ дэд сайдад томилно. Уг нь Ардын нам одоо л сайн тал руугаа өөрчлөгдөх хэрэгтэй. Гэвч Л.Оюун-Эрдэнэ нарын тогтоосон “хаалттай, хулгайн” томилгооноос салж чадахгүй гэдгээ дэд сайдуудын болон элчин сайдуудын томилгооноос харуулж байна. Засгийн газрын томилгоон дотроос хоол олж идэхээр МАХН-аас нийлсэн Н.Энхбаяр ч дарга нарын хаалга үүдийг балбаж тогшсоор явна. Харамсалтай нь түүний үгийг сонсох нэг ч дарга байхгүй бөгөөд Н.Энхбаяр ч өөрийн залуусыг хуурч, хулхидаж явсаар хүү Э.Батшугар, намын жагсаалтад “чихсэн” Б.Хэрлэн хоёртойгоо л үлдээд буй.
МАН-ын томилгооны түлхүүр У.Хүрэлсүх, Я.Содбаатар, Г.Занданшатар, Н.Учрал нарт бий. Харамсалтай нь МАН-ын “дөрвөн дарга” бүгд хорвоо ертөнцөөс улам хол тасарсан бөгөөд чадвар, мэдлэгийг чухалчлах нүд нь сохроод олон жил болж байна. Тиймээс ч маргаашийн дэд сайдуудын томилгоо ард түмэнд таалагдахгүй , хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй гэдэг нь тодорхой бөгөөд ямар нэгэн байдлаар хулгай луйварт холбогдсон, энэ хэдийн цүнх баригчид байх нь гарцаагүй болоод байна.

12°C
