Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
УИХ-ЫН ГИШҮҮД ХОЛБОГДСОН ХЭРГҮҮДИЙГ ПРОКУРОРЫН ШИРЭЭН ДОР ХАВ ДАРАВ УУ

Монголд хуулийнхан шударга болсон цагт нийгэмд шударга ёс тогтож, улс төрчид гэмт хэрэг хийхээс айж эхэлнэ. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллага буюу цагдаа, АТГ, прокурорын байгууллагад ажиллаж байгаа хуульчид томилсон хүнээсээ чиглэл авсаар байна. Хуулийн байгууллагын дарга нар томилсон хүнээсээ чиглэл авсаар байвал монголчууд бид хэзээ ч шударга ёсыг үзэхгүй, даргад ээлтэй нийгмийг үзэж, дор бүрнээ шагшин шүүмжилсээр, харааж зүхсээр ертөнцөөс буцаж дуусах улс. Яг ийм замаар сүүлийн 30 жил явж иржээ.

2024 оны УИХ-ын сонгууль бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зохион байгуулагдсан буюу 76 гишүүнийг 126 болгож нэмэгдүүлэн, холимог тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулсан. Сонгуулийн тогтолцоо олонх байсан МАН-д ашигтайгаар эргэж, тэд төрийн эрхийг барьсан хэвээр байна. МАН төрийн эрхийг барьж, хууль хяналтын байгууллагад өөрсдийн гар хөлөө ажиллуулсаар байгааг энд хэлж байгаа юм.

2025 он гарсаар УИХ-ын жагсаалтын гишүүн Ж.Галбадрахын өөрийн төрийн бус байгууллагадаа 10-аад тэрбумыг шилжүүлэн авч төрийн мөнгийг зувчуулсан хэрэг,  УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Н.Наранбаатар нарын холбогдсон нүүрсний хэрэг, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Т.Доржханд,  Г.Дамдинням нарын Боловсролын зээлийн сангаас суралцсан төлбөрөө эргүүлэн төлөөгүй хэрэг, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн Бор тээгийн уурхайд эзэн суусан хэрэг, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын эх орноосоо урвасан зэрэг ноцтой хэргүүд хуулийн байгууллагад бий. УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн бол бүрэн эрхээс нь түдгэлзүүлж байгаад хуулийн шалгах ёстой ч өнөөдрийг хүртэл УЕП гишүүдтэй холбоотой хэргийг ширээн дороо хав дарсаар байна.

Гэмт хэрэг хийсэн УИХ-ын гишүүд ард түмэнд хэрэгтэй хууль батлаж чадахгүй. 76 байснаасаа ч шал дордоод байгааг УИХ-ын дарга Н.Учрал болсноос хойш ард түмэн илүү их мэдрэх болсон. УИХ-ын дарга Н.Учрал чуулганы хуралдаан бүрт УИХ, Засгийн газрын гишүүдийг “хуралдаа суугаач ээ” гэж гуйж гувшсаар байна. УИХ, Засгийн газрын хяналт тэнцэл ингэж алдагдсан нь гэмт хэрэг хийсэн гишүүд хуралдаа суухгүй, дийлэнх нь гадаад дотоод томилолт нэрээр алга болж байгаатай холбоотой.

УИХ-ын гишүүний ажлыг саадгүй хийлгэх гэж л халдашгүй бүрэн эрх байдгаас биш гэмт хэргийг нь шалгуулахгүй байхын тулд халдашгүй байдлыг ашиглаж болохгүй. Тиймээс гэмт хэрэг хийсэн, нэр холбогдсон л бол нэг хоёр байтугай хорь, гучаар нь ч шалгаж эргүүлэн татаж байж парламентын ажил жигдрэх юм. Тиймээс Улсын Ерөнхий прокурор томилсон даргаасаа чиглэл хүлээж суух биш хуульд захирагдан, хуульч хүний ёсзүй гаргаж ард түмний талд ажиллахыг шаардаж байна.

22 Dec 2025 11:42AM
463
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ