Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Г.ЗАНДАНШАТАР АА, ХААЛГАА НЭЭ

Ерөнхий сайд Г.Занданшатараас ард түмэн ихийг хүлээж байгаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас ялгаатай ажиллах болов уу, хулгай луйвартай чин үнэнчээр тэмцэж чадах уу, нам доторх авлигалаа ил болгоосой, чадваргүй хүмүүсээ явуулж, чадалтайг нь үлдээгээсэй, ард түмний амьдралыг сайжруулж, цалин хөлсийг нэмэгдүүлээсэй, төгрөгийн ханшийг өсгөөсэй гээд Г.Занданшатарыг өөрчлөөд хийчих болов уу гэж хүлээж байна. Харамсалтай нь ойрын өдрүүдэд Г.Занданшатараас хүлээх цаг дуусч байгаа болов уу гэмээр түүнийг огцруулна гэж АН-ынхан дугарч эхэллээ.

УИХ-д 42 суудалтай АН-ынхан хөдлөөд эхэлвэл тэдэнтэй нэгдэх Ардын намынхан олон. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн талынхан Г.Занданшатарыг алдахыг цаг ямагт хүлээгээд сууж байгаа нь тодорхой. Улс төрийн эрх мэдлээ алдсан хүмүүс бүхнээ алдсантай адил учраас тэд дахиад юу ч хийж мэднэ.

Манай сайт өмнө нь мэдээлж байсан. Ерөнхий сайд Г.Занданшатар улс төрд ялангуяа Засгийн газарт шинэ хүн биш гэж. Тэрээр Ардын намын эрх барьж буй 10 жилийн хугацаанд төрийн өндөр албан тушаалыг хашиж явсан хүн. Тиймээс вакумжихаа хүрвэл аль эрт вакумжсан байгаа. Харин 2024 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа хөрсөн дээрээ буусан болов уу гэж таамаглаж байлаа. Ард түмэн яагаад түүнд дургүйцэв, саналаа яагаад өгсөнгүй вэ гэдэг дээр өөртөө дүгнэлт өгч, жаахан ч гэсэн хөрсөн дээрээ буусан болов уу гэж найдаж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж, улмаар Ерөнхий сайдын албыг авсан Г.Занданшатар бага буурайд дээрэлхүү, өндөр албанд долгинуур хандаад л байвал АН-ын хүслийг удахгүй гүйцээх болов уу. Угтаа бол Г.Занданшатарт дээшээ сууж, их зан гаргах цаг хугацаа байхгүй. Цаг чинь аль хэдийн явчихсан. Түүнийг Ардын намын ганц байгаа кандитат хэмээн тодотгож Ерөнхийлөгчийн сонгуульд ч өрсөлдөж магадгүй тухай ярьж байна. Гэвч Ерөнхий сайдын албыг арай ядаж хашаад байвал 2027 оныг үзэж чадалгүй, буцахаар байна. Одоо хөрсөн дээрээ бууж, ард түмэн юунд уурлаад байгааг олж мэдэж, шийдвэрээ гарга.

Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимд сэлгээ хийх нэг хоёр сайд бий. Энэ алдаагаа ч харах ёстой. Хамгийн гол нь монголчууд хэдэн литр шатахуунтай зууралдсаар бүтэн хоёр сарын хугацааг өнгөрүүллээ. Юу ч хийсэнгүй. Г.Дамдиннямын “Маргааш гэхэд зүгээр болно..” гэдэг үг бидэнд хэрэггүй. Харин ард түмэнд үнэн мэдээлэл хэрэгтэй байна. Засгийн газарт юу болоод байгааг, хэдэн төгрөгийн эрх мэдэлтэй үлдсэнийг, шатахууны компаниуд ОХУ-аас яг ямар гэрээ хэлцлээр бүтээгдэхүүн худалдаж аваад байгааг, Оросын нийлүүлэгчид юу тулгараад байгааг, дахиад хэд хоног ийм байдалтай байхыг үнэнээр нь хэлэх хэрэгтэй. Монголчууд яахаа алдсан тэнэг биш учраас засаг төрийнхөө байдлыг ойлгоно, бас хүлээнэ. Нэмээд Засгийн газар дэд сайдуудыг ямар ажил хийдэг, ямархуу эрх мэдэл эдэлдэгийг ч үнэн бодитоор нь хэлж ард түмэндээ ойлгуулах ёстой. Тэгэхгүй зөвхөн бялуу хүртээд сууж байдаг амьгүй албат гэж бодоод байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар зөвхөн сайд нараа, эсвэл Ардын намын вакумжсан томчуудтай уулзаад л өрөөндөө суугаад л байвал юу ч шийдэж чадахгүй. Судалгаа хийсэн, гарц шийдэл нь толгойд нь бэлэн байгаа хүмүүсээ олж мэд, уулз. Хаалгаа нээ. Улс төрд шинэ хүн биш учраас аль хэдийнээ вакумжсан, амьдралаас тасарсныг чинь мэдэж байна. Тийм ч учраас ард түмэн өдрөөс өдөрт зээлээ яаж төлөх вэ гэж амьдарч байхад Ерөнхий сайд ганцаараа “Би зээлгүй ээ. Зарлага ч гаргадаггүй” гээд хээв нэг хэлээд зогсож байгаа юм.

Засгийн газрыг огцруулах нь одоо цаг үед тохиромжгүй. Дахиад л төсвөө хэлэлцэнэ, сайд нар ажилтай танилцана гэж 2-3 сарыг зарцуулна. Шинэ сайдын ажилтай танилцах хугацаагаар бидний хөгжил дахиад л хойшилно.  Засгийн газар солигдох бүрт хөгжлийнхөө хурдыг сааруулж байгааг бид яасан ч мартаж болохгүй.

23 Dec 2025 12:52PM
32
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ