Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Г.ЁНДОН: ТУГАЛГАН ЖАД ШИГ, САВАНГИЙН ХӨӨС ШИГ УЛСУУД ИХ БАЙДАГ. ХЭНИЙГ СОНСОХОО ТА НАР ӨӨРСДӨӨ МЭДЭЭРЭЙ

Уулын баяжуулах “Эрдэнэт” ТӨҮГ 2025 онд арвин их ургацтай шинэ оноо угтаж байна. Энэ онд тус үйлдвэр 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулсан нь эрдэнэтчүүдийн түүхэн 47 жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлт юм байна. Ингээд нийт 574000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргаж, 4.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Борлуулалтын орлогыг дагаад орон нутгийн төсөвт үлдээх мөнгө үнэмлэхүй нэмэгдэж 2.2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн амжилт гаргажээ.  Энэ амжилтаа “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, удирдлагууд үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг ханган ажиллаж, техник технологи, хөрөнгө оруулалтад онцгойлон анхаарч ажилласны үр дүн гэж дүгнэж байна.

Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клуб он солигдох торгон мөчид “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, удирдлагуудаас 2025 оны үр дүн, 2026 оны уулын ажлын төлөвлөгөө зэрэг нарийн мэдээллүүдийг авахаар ээлжит уулзалтаа хийсэн юм. Энэ үеэр “Эрдэнэт” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонгоос сэтгүүлчид цаг үеийн сэдвээр зарим зүйлийг асуусныг хүргэж байна.

-Эдгээр өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн тодорхой хэсгийг хувьчлах асуудал УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Төрийн өмчийн компаниудын хувьчлал дунд “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал яагаад орох болов?

-Би хувьдаа “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн өмчийн давамгайлал 51-ээс доошгүй хувьтай байх ёстой гэж үздэг. Яагаад гэвэл аливаа улс орон өөрийн эдийн засгийн тусгаар тогтнол аюулгүй байдал, дотоодын ханган нийлүүлэлтээ хамгаалах ёстой. Сүүлийн үед уул уурхайн салбар дэлхий нийтээрээ нэг улсаас хамааралтай болж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Зэсийн талаас илүү хувийг Хятад улсад хайлуулж, тэндээ өртөг шингээж зарж борлуулж байна. Газрын ховор элемент дээр гэхэд БНХАУ 90 гаруй хувьтай байна. Америк, европын улсуудад ашигт малтмал туйлын чухал болсон. Та бүхэн анзаарсан бол улс орны ерөнхийлөгч, ерөнхий сайд нар уулзахаараа ашигт малтмалын тухай л ярьдаг болсон. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалд эхний ээлжинд ажилчиддаа ч юм уу, орон нутгийн иргэдэд хувьчлах нь чухал. Ажилчид бол хамгийн сайн хяналтыг тавьж чадна. Нөгөө талаас төрийн өмчийн компаниудын хувьчлалын асуудал дээр хууль эцэслэн гараагүй байхад ийм тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүллээ гэж зарим гишүүд шүүмжилж байна лээ. Уул уурхай бол Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг салбар учраас Монголын Засгийн газар заавал хяналтандаа байлгаж, хувь эзэмшлийг 51-ээс доошгүй байх тал дээр хатуу анхаарах ёстой.

-Бидэнд сөрөг туршлагууд бий. Тухайлбал, төрийн өмчийг хувийн хэвшилд байлгаснаар ашиг орлого нь эрс буурдаг, татвар хураамж нь зогсдог талууд байгаа.  Тэгэхээр үүнийг хуулиар хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Уул уурхайн салбарын зарим хуулиуд дээр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа зэрэг хэд хэдэн гишүүн ажиллаж байгаа. Салбар дундын уялдаа холбоог хангах зэрэг асуудал дээр хуулийн зохицуулалтыг нарийн заах байх.

-“Эрдэнэт” үйлдвэр 21,6 хувийн АМНАТ төлдөг. Ашигт малтмалын тухай хуулиар “Эрдэнэт”-ээс авдаг АМНАТ-ыг арай өөрөөр оруулж болох уу. Таны хэлснээр “Эрдэнэт” үйлдвэрийг цаашид 55 жил ашиглана гэж байгаа юм чинь АМНАТ-ыг хуулиар хатуу заах нь хэр зөв бэ?

-Бид Сангийн яамтай энэ асуудлаар уулзсан. “Эрдэнэт” үйлдвэр АМНАТ-ыг хатуу стандарт, хуулиар төлдөг. Миний бодлоор “Эрдэнэт” үйлдвэр бол улс орны гол төсөв санхүүг бүрдүүлж байгаа учраас төр засаг илүү уян хатан байж болно. Зарим ухаантай улс орнууд яадаг вэ гэхээр гол үйлдвэрээсээ авах татвар хураамжийг илүү уян хатан байлгаж өгдөг.  БНХАУ никель дээр дэлхий даяар дангаараа интервенц хийж үнэ унагаад дотооддоо үйлдвэрлэлээ дэмжсэн. Энэ үед Австрали никелийн салбараа өвдөг сөхрүүлэхгүйн тулд АМНАТ-ыг тэглэсэн юм. Энэ бол маш ухаалаг шийдвэр. Гэтэл өнөөдөр манайх АМНАТ-аар улаан шугам тавиад чаддаг юм бол энэ шугамыг даваад гараад ир гэдэг. Энэ улаан шугамыг Цагаан суварга зэрэг зарим орд газрууд давж чадахгүй байна. АМНАТ хөвөгч болж чадвал эдийн засаг сайжирна. Зэсийн үнэ өсөхөд АМНАТ хөдөлж байх ёстой. Бүх ашигт малтмал ижилхэн байж болдоггүй юм.

Тухайлбал, АМНАТ-аа бууруулвал зэсийн бусад аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босох боломжтой. Дараагийн Оуютолгой, Эрдэнэтийг бий болгоё гэхээр АМНАТ-аар хаачихдаг. Ганц төлж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийнхээ өвдөг рүү нь өшиглөсөөр байгаад унагаах гээд байдаг. Тиймээс хуулиар уян хатан болгож, бүр болохгүй бол зөрүүг нь ногдол ашгаар авсан ч болно. АМНАТ-ыг  бүгдэд нь ижилхэн бууруулвал зүгээр.

-“Эрдэнэт” үйлдвэрийн ирэх оны уулын ажлын төлөвлөгөө гарсан уу. Зэсийн үнэ олон улсын зах зээлтэй харьцуулахад өндөр байна. Ер нь зэсийн үнэ өсч байгаа үед борлуулалтын орлого ямар хэмжээнд хүрч нэмэгдсэн бэ?

-УИХ-ын гишүүд зэсийн үнэ өндөр байна танай орлого, ашиг яасан бэ гээд байдаг. Энэ жил дэлхийн уул уурхайн салбарт гурав дараалсан аваарь гарлаа.  Энэ нь салбарын хөрөнгө оруулалтыг хойшлуулж байна. Гүний уурхайд байнга хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байдаг. Агааржуулалт, ус татахаас эхлээд маш олон төрлийн ажил бий. Жил бүр олон улсын биржүүд улирал тутамд дэлхийн зэсийн прогнозыг гаргадаг. Бид шинжээчдээс байнга зөвлөгөө авдаг. 2026 онд зэсийн үнийг 9653 ам.доллараар тооцоолсон. Харин улсын төсөвт 9700 ам.доллар байхаар төсөөлсөн. Манай Сангийн яам санхүүгийн олон байгууллагатай харьцаж зэсийн үнийг гаргадаг. Ирэх жил 9653 ам.доллар гэж тооцоолж байгаа нь эрсдлийг давхар боддог. Нэг үгээр, 9653-аас доошоо буухгүй л гэж энэ үнийг тавьж байгаа юм. Энэ бол хамгийн доод үнэ. Уулын ажлыг төлөвлөхдөө хамгийн өндөр эрсдэлийг тооцоолохоос гадна татварт өр төлбөр үүсэхгүй байхаар тавьдаг. Бүтээн байгуулалтын хувьд сүүлийн гурван жилд 1.1-1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 2025 оны гуравдугаар сард 2026 оны хөрөнгө орулалтын ажлыг ярьж эхэлсэн. Манайхан маш их мөрөөдлийн жагсаалт гаргаж өгдөг. Бид эхний шүүлтүүрээр оруулаад өмнө хийгдсэн ажлуудыг дүгнээд жагсаалтаа гаргадаг. Ингээд 700 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байгаа. Зэс хайлуулах үйлдвэр барих төсөл энэ жил орж ирсэн учраас тодорхой хэмжээнд хасалт хийсэн.

-Зэс хайлуулах үйлдвэр барих нь ашиггүй гэж зарим шинжээчид ярьж, энэ нь маш их маргаан дагуулдаг. Таны хувьд зах зээл нь ямар байна гэж харж байна?  

-Зэс хайлуулах үйлдвэрийг ярихаас өмнө би нэг түүх ярих дуртай. Эрдэнэтчүүд 38 дахь жилдээ энэ ажлыг мөрөөдөж байгаа. 1985 онд анхны хайлуулах үйлдвэр, 1989 онд Түлш, эрчим хүч, геологи, уул уурхайн яам хуралдаж “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэж Зэс хайлуулах үйлдвэр барихыг анх дэмжсэн байдаг. Дэлхий дахинд сүүлийн гурван жилийн хугацаанд Энэтхэг, Конго зэрэг орнуудад Зэс хайлуулах шинэ үйлдвэрүүд баригдсан. Дэлхий дээр патент эзэмшигчидтэй хамтарч судалгаа хийхэд манай үйлдвэртэй нийцэл нь маш сайн таарах судалгааны дүн гарсан. Зэс хайлуулах үйлдвэрийн хувьд Хятад дэлхий дээрх бүх патентийг өөр дээрээ авсан байдаг. Маш олон хувилбартай үйлдвэрүүд бий. Энэ үйлдвэрийг барьснаар урсгал зардал маш бага бөгөөд бид 2019 онд ТЭЗҮ-г батлуулсан. Эрдэс баялгийн зөвлөлөөс зөвлөмж авч, 2020 онд би сайд байхдаа зөвшөөрөл өгсөн боловч ковид таараад түрдээ зогссон юм.

Манайд мэргэн жараахай нар их шүү. Мэргэжлийн хүмүүсийг та бүхэн сонсож байгаарай. Эрдэнэтэд ажиллаж байгаад эндээс гарахаараа монголд хэрэггүй гэхчлэн яриад явдаг хувирамтгай, нэг дор байр сууриа хадгалж чаддаггүй, сүрлэн, тугалган жад шиг, савангийн хөөс шиг улсууд их байдаг. Хэнийг сонсохоо та нар өөрсдөө мэдээрэй. Өгөөж өндөртэй, хөрөнгө оруулалтаа 9 жилийн дотор нөхнө гэж тооцдог. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн наймдугаар сарын 5-нд ажлаа аваад манайх анх удаа ирэхдээ энэ ТЭЗҮ-ээ хөнгөдлөнгийн аудитаар үзүүлээрэй гэсэн. Үйлдвэрлэл технологийн хувьд асуудал байхгүй. Хятадын олон газар баригдаж байгаа үйлдвэрлэл юм. Ашиггүй гэдгийг шалгуулахын тулд дэлхийн 4 том аудитын компаниас санал авсан. Тав дахь аудитын компанийн тайлан бэлэн болж байгаа.

- Зэс хайлуулах үйлдвэрийг хэн хариуцах нь тодорхойгүй, эзэнгүй байна гэдэг. Хариуцах эзэн хэн бэ?

-ТЭЗҮ хийсэн компани хятадад маш олон хайлуулах үйлдвэр барьсан. Түүхий эдээ гаднаас авдаг. Зэс хайлуулах үйлдвэрийг “Эрдэнэт” үйлдвэр биш, ЗГХЭГ бүр биш, Сангийн яам ч биш. Зэс хайлуулах үйлдвэрийг барих компани тендерт шалгарсан, патент эзэмшигч байх ёстой. Яагаад гэвэл 55 жил ашиглах учраас. Түлхүүр гардуулах нөхцөлөөр энэ үйлдвэрийг барьдаггүй. Сарын дараа, жилийн дараа асаагаад орхиод явчихаж болохгүй. Мөн Зэс хайлуулах үйлдвэр барих компани өөрсдөө хөрөнгө оруулах шаардлагыг тавьж байгаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг төр хувьдаа авах ажил юу болж байна вэ?  

-ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.  Овоолгын компаниудтай хэлэлцээр хийхээр ярьж байгаа. Ямарч байсан 34 хувийг төр авна. Дараа нь ТУЗ-д хүн оруулах уу, эсвэл тусгай АМНАТ байх уу, борлуулалтын тодорхой хувийг авах уу гэдэг нь тодорхой болно. Бид дөрөв дэх үйлдвэрээ барих гэж байсан. Гэхдээ хувийн хэвшилтэй өрсөлдөх хэрэггүй гэж шийдээд байгаа. Ингээд овоолгыг 34 хувийг эзэмшиж, хуримтлалын сан руу мөнгө оруулна.  

26 Dec 2025 11:06AM
984
Сэтгэгдэлүүд
аханр2025-12-26 11:2759.153.114.238
ганц үнээ минь
сайн 2025-12-26 14:5059.153.114.238
үнэхээр сайн ажилласан байна аа
Медведев Б М.2025-12-26 18:24103.229.123.71
Хувьчилбал жирийн ажилчид л хохирно доо!.
Dortsoodokoo2025-12-29 10:10103.57.92.128
Мэргэжлийн чадварлаг удирдагч шүү
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ