
-Соёлын төв өргөөний газарт эрх мэдэлтнүүд шунаж эхэллээ-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Сүхбаатарын талбайн зүүн талд оршиж буй Соёлын төв өргөөг нураахаар болжээ. Соёлын төв өргөө нь 1987 онд Зөвлөлтийн ард түмнээс монголчуудад бэлэг болгон өгсөн бөгөөд Монгол улсын шинжлэх ухаан, урлаг соёлын олон байгууллага төвлөрөн үйл ажиллагаа явуулж байгаа томоохон цогцолбор барилга юм. Тус барилгыг нийслэлийн хүн амд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан. 2012 онд төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Засгийн Газраас батлагдсан төсөл хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлж байгаа билээ.
Тэгвэл Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Соёлын төв өргөөг нурааж, газар дээр нь 50 давхар барилга барихаар болсныг зарлалаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод барилга барих газар мундсан биш соёл урлагийн түүх шингэсэн Соёлын төв өргөөг нураах нь зохисгүй. Түүгээр зогсохгүй үе үеийн хотын дарга нарын хийдэг гол “авлига” бол хотын төвд ойрхон байгаа бүх газрыг зарах, өмчлөх, шилжүүлэх нэрийдлээр хөлжиж мөнгөждөг гэдгийг олон түмэн мэддэг болоод байна. Соёлын төв өргөөг нураах ажлын ард тус газрыг хэнд зарах, хэний байшинг барих, хэн өмчлөх, хэний компани барилгыг нь барих гээд хамгийн чухал бөгөөд хулгай луйвар нь энд явагдах юм. Тиймээс Соёлын төв өргөөг нурааж, газрыг нь хэнд зарах гэж байгаагаа монголчуудад үнэн зөвөөр нь тайлбарлах хэлэх ёстой юм.
Тиймээс ч Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар надад хэн хэлж, нохойг хэн саах юм гэдгийн адилаар дураараа авирлаж, дунд чөмгөөрөө жиргэх гэж байна. Хотын төвд байрлах сөөм газар хэдэн арван сая доллараар хэмжигдэнэ. Сүүлийн жилүүдэд төрд гарсан дарга нар хэн хотын төвд газартай байна тэр хүн сайд дарга болдог жишиг ч улс төрчдийн дунд өрнөдөг болсон. Ингэж газрын эрхийг шилжүүлж, зарж үрж, мөнгөжих хулгай луйвар явагддаг болоод байгаа юм. Энэ эрх мэдлийг хотын дарга ашиглах нэрийдлээр Соёлын төв өргөөг нураах ажлыг эхлүүлсэн гэж олон хүн хардаж байна. Нэг үгээр, монголын төр засагт байшин барилга нурааж, шинэ барилга барих нэрийдлээр газрыг нь дээрэмддэг мафи нүүрлэжээ.
Нөгөө талаар Соёлын төв өргөөг нураах шаардлага байхгүй бөгөөд тус барилга юу юугүй нурах дээрээ тулчихаагүй байна. 50 давхар байшин барих газар Улаанбаатарт бишгүй бий. Хамгийн гол нь Төрийн ордон, дарга нартай ойрхон байшин барьж, хотод үлдсэн ганц барилгыг нураах нь хэний лобби вэ гэдэг нь анхаарал татаж байна.

-29°C
