
Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд нэгжлэг хийж, 48 цаг түр саатууллаа. Хуулийн байгууллагаас Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийсэн байна. Д.Тогтохсүрэн нь “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар томилогдоод удаагүй байгаа юм.
УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн өнгөрсөн парламентад МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. 2024 оны УИХ-ын сонгуулиар хангайн бүс буюу Баянхонгор, Өвөрхангай, Архангайн тойрогт одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатартай нэг баг болон явсан ч МАН-ын нэр дэвшигч Г.Сайханбаярын штаб дээр болсон явдал болон МАН-ын дотоод хагарлаас үүдэн Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн нар хоорондоо таарамжгүй харилцаатай болсон гэж зарим хүмүүс ярьдаг. Түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
МАН төрийн эрхийг бариад 10-аад жил болж байна. Сүүлийн жилүүдэд нүүрсний хулгайчид төрд шургалж, төрийн эрх барих дээд байгууллага, Засгийн газар, яам, агентлагт сүлбэлдээд буй. Харамсалтай нь МАН-аас томилогдсон хууль, хяналтын байгууллагынхан нүүрсний хулгайчидтай холбоотой хэргийг шалгахгүй, нэг л цааргалаад байдаг. Одоог хүртэл нүүрсний хулгайч, зохион байгуулагчид хэн юм, хэдий хэмжээний хохирлыг монголын төрд учруулсан бэ гэдгийг тодорхой мэдээлээгүй байна. Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим ч нүүрсний хулгайтай төдийлөн зоригтой тэмцэж чадахгүй л байна. Нүүрснээс ямар хэмжээний хулгай хийснийг хуулийнхан ч нарийн тодорхой мэдээлэхгүй байгаа нь эрх баригчид хулгайтай тэмцэхгүй байгаа төдийгүй, хулгайтай тэмцэнэ гэдэг нэрийдлээр цаг өнгөрөөж, аргацааж амьдарч байгааг илтгэж буй. Ямартай ч Ардын намын нөлөө бүхий явсан этгээдийг баривчилсан байна.

-29°C
