
Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага 365 хоногийн 150 өдөрт нь амарч байна. Энэ жилийн намрын чуулганыг бараг хоёр сарын өмнө амраасан нь хуульд заасан 75 өдөр чуулган хуралдсан гэж үзсэнтэй холбоотой. Үнэндээ УИХ-ын 126 гишүүн ирц бүрдүүлэхгүй, өмнөх 76 гишүүнээс долоон дор байгаа нь парламентыг амраах шалтаг болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын байгуулсан “Энхийн зөвлөл”-д Монгол Улсын төлөөлөн гарын үсэг зураад ирсэн. Тус зөвлөлд жил бүр хураалгах 1 тэрбум ам.долларыг эхний гурван жил төлөхгүй ч байж болно гэж Засгийн газар пиараа хийж, иргэдийг тайвшруулж байгаа ч төлбөр төлөх, төлөхгүйдээ гол нь биш Ерөнхий сайд Монгол Улсын гадаад бодлогыг төлөөлж гарын үсэг зурах нь зөв байсан уу гэдэгт зарим судлаачид байр сууриа илэрхийлж эхэлсэн. УИХ-ын зарим гишүүд ч Ерөнхий сайдын энэ үйлдлийг зөв, бурууг дүгнэн хэлж чадахгүй, дүлэгнэж байна.
Яг ийм яаралтай нөхцөл байдал үүссэн үед нь байнгын ажиллагаатай парламентийн амралтын сарууд таарсан нь нөхцөл байдлыг бүр ч төвөгтэй болгож байна. Ер нь манай улсын Засгийн газрын эрх хэмжээ олон улсыг төлөөлөхөд учир дутагдалтай. Тиймээс яаралтай буюу аливаа асуудлыг зөв бурууг дүгнэн хэлэлцэх хэрэгцээ шаардлагатай үед УИХ нь амарчихсан, 126 гишүүн нь дэлхийгээр нэг тараад явчихсан байгаа нь Монголын хөгжлийг хойш татсан гол түгжээ болоод байгаа юм.

7°C
