
БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын эхнэр Ким Гён Хиг өнгөрсөн наймдугаар сард авлига, хувьцааны залилан, сонгуулийн үйл явцад хууль бусаар оролцсон зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдуулан баривчилсан. Энэ жил 52 настай Ким Гён Хи нь 2010-2012 оны хооронд BMW компанийн диллер Deutsch Motors компанийн хувьцаатай холбоотой үнийн залилангийн схемд оролцож, 800 сая воноос давсан ашиг олсон гэж буруутгагдаж байна. Мөн түүнийг сүмийн пастороос тансаг цүнх, үнэт эдлэл бэлгэнд авсан хэрэгт буруутгалаа.
Өндөр албан тушаалтны ар гэрийнхэн бусдаас их хэмжээний үнийн дүнтэй цүнх, эд хэрэглэл бэлгэнд авсан нь авлига, хахуулийн шинжтэй гэж БНСУ-ын прокурорууд үзэж байгаа юм.
Ингээд түүнд холбогдох шүүх хурал болж Ким Гён Хид 15 жилийн хорих ял, 2 тэрбум воны торгууль ногдуулах саналыг гаргасан байна. Харин Ким Гён Хи өөрийгөө буруугүй гэж үзэж, тансаг цүнхнүүдийг хүлээн авсан ч ашиглалгүйгээр буцааж өгсөн хэмээн мэдэгдсэн хэвээр байгаа юм.
Сөүлийн Төв Тойргийн Шүүхийн шүүгч У Ин Сун тэргүүн хатагтай асныг “албан тушаалаа хувийн ашиг хонжоо хайх хэрэгсэл болгон урвуулан ашигласан” гэж дүгнэжээ. “Албан тушаал өндөр байх тусмаа ийм үйлдлээс ухамсартайгаар зайлсхийдэг байх ёстой. Шүүгдэгч үүнийг үл тоомсорлосон бөгөөд өөрийн хувийн эрх ашгийг дээгүүр тавьсан байна” гэж шүүгч цааш нь дүгнэлтээ уншин, 1,8 жилийн хорих ял оноосон байна.
Яг ийм хэрэгтэй төстэй үйл явдал өнгөрсөн жил Монголд өрнөсөн билээ. Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү найз охиндоо тэрбумын үнэтэй машин, хэдэн зуун саяын үнэ бүхий брэндийн цүнх, тансаг жуулчны баазад нисдэг тэрэг хөлөглөн наргиж цэнгэсэн үйлдэлд Монголын прокурорууд буруугүй гэж үзсэн байдаг. Түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгах ёстой гэж монголын ард түмэн шаардан жагсаал хийсэн ч АТГ болон Улсын Ерөнхий прокурорууд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг хүүтэй нь хамт ямар ч буруугүй хэмээн авлигын байж болзошгүй ноцтой хэргийг шалгаагүй өнгөрсөн билээ.

12°C
