Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
“АЧИТ ИХТ”-ИЙН АШИГЛААД ДУУСЧ БУЙ ОВООЛГЫН 44 ХУВИЙГ ТӨРД ШИЛЖҮҮЛНЭ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх овоолгуудын 34-өөс дээш хувийг төрийн мэдэлд авахаар ажиллаж эхэлсэн. Энэ ажиллагаа МАН-ын генсек асан Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын дарга байх үеэр эхэлсэн. Эхний ээлжинд “Ачит ихт, ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХХК, “Эрдмин” ХХК-иудын 34-өөс дээш хувийг төрийн мэдэлд шилжүүлэхээр өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийнхэн Төрийн ордонд болон бусад газруудад олон тоогоор хуралдаад байна. Эдгээр шороон овоолгуудаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаанд шилжээд байгаа “Ачит ихт” компанийн асуудлыг дор хөндөж байна.

“Ачит-Ихт” ХХК нь “Эрдэнэт” үйлдвер ТӨҮГ-ын холимог хүдрийн үүсмэл ордын нөөцийг гидрометаллургийн аргаар уусгаж, эдийн засгийн эргэлтод оруулан, Лондонгийн металлын биржийн А зэрэглэлийн 99.999%- ийн цэвэршилттэй катодын зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргадаг компани. Олон нийт үүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн хаясан шороон овоолго гэж төсөөлдөг үнэн хэрэгтээ цэвэр зэс үйлдвэрлэдэг, өгөөж өндөртэй, баялаг ордыг дахин шүүж ашиглаж байгаа өндөр технологийн үйлдвэр гэж хэлж болно.

Ийм өндөр чанарын зэс гарган авч байгаа шороон овоолгын 44 хувийг төрийн мэдэлд шилжүүлэх болно гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлсэн ч бодит байдал дээр овоолгыг хоёр жилийн дараа гэхэд үндсэндээ ашиглаж дуусах юм байна. Өөрөөр хэлбэл, “Ачит ихт” компани хоосолж дууссан савыг монголын төрд шилжүүлэх гэж байгаа гэсэн үг.

Ерөнхийлөгч асан Ц.Элдэгдорж П.Цагааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилсны дараа “Ачит ихт” компанийг байгуулан “Эрдэнэт”-ийн шороон овоолгон дээр эзэн сууцгаасан байдаг. Энэ үйлдлийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, монголчуудад биш юмаа гэхэд Эрдэнэт, Булганыханд хүрэх байсан байгалийн баялгийг П.Цагаан нар хувьдаа ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр 2019 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. “Ачит ихт” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар одоо П.Цагааний эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг ажилладаг. Эздийг нь АТГ-аас шалгаж, цагдан хориод байхад хүртэл төрийн мэдэлд хувь эзэмшлээ шилжүүлээгүй “Ачит ихт”-ийнхэн одоо 44 хувиа шилжүүлнэ гэдэг бол хууран мэхэлж, дараагийн овоолгыг авах гэсэн санаархал явж байгааг үгүйсгэхгүй.

“Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан  Ц.Даваацэрэн 2015 оны зургадугаар сарын 26-ны өдөр “Ачит Ихт” ХХК-ийн Ерөнхий захирал  П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэгтэй нууц гэрээ байгуулж, “Эрдэнэт” үйлдвэр нь “Ачит Ихт”  ХХК-ийн 34 хувиас үндэслэлгүйгээр татгалзсан  байдаг нь ч эхнээсээ зохион байгуулалттай хийсэн хулгай болсныг 2019 оны үед шалгасан байдаг.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд "Ачит Ихт" компанийн борлуулалтын орлого нь 535 орчим сая ам.доллар байсан төдийгүй үйл ажиллагааны зардал маш бага байсныг өндөр албан тушаалтнууд мэдээлж ирсэн. Энэ бол "Эрдэнэт үйлдвэр" 500 орчим сая ам.долларыг зарцуулж бий болгосон үүсмэл орд буюу 100 хувь төрийн мэдэлд ашиглаж болох байсныг П.Цагаан гэр бүлийн хамт өнгөрсөн хугацаанд давуу байдлаар ашиглаж ирсэн юм. Гэвч “Ачит ихт”-ийн ашиглаж байгаа овоолго цаашид ашиглах боломжгүй болж, үндсэндээ бүх шороон овоолгыг шавхаж дуустал ашиглажээ. “Ачит ихт”-ийн нөхцөл байдлыг олигархиудаас бүрдсэн Эдийн засгийн зөвлөлийнхөн мэдэхийн дээдээр мэдэх юм. Гэвч олон удаагийн хэлэлцээ хийж, төрийн мэдэлд 44 хувийг шилжүүлэх нэрийдлээр дараагийн овоолгын зөвшөөрлыг П.Цагаанд өгч магадгүй болоод байна.

06 Feb 2026 09:54AM
180
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ