
УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх, гишүүнээс чөлөөлөх, эгүүлэн татахтай холбоотой хуулийн зохицуулалт дутуу явж иржээ. Тухайлбал, 2020 оны УИХ-ын сонгуулийг Үндсэн хуулиар холимог тогтолцоонд шилжүүлж, 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын жагсаалтаар дэвшүүлдэг байхаар болсон. Ингээд УИХ-д 18 гишүүн МАН-ын жагсаалтаар, 16 нь АН-ын жагсаалтаа, 6 нь Хүн намын, 4 нь ИЗНН-ын, 4 нь Үндэсний эвсэлээс гишүүн болж УИХ-д орж ирсэн. Харамсалтай нь тойргоос сонгогдсон гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн зохцуулалт Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулиудад байгаа боловч намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон гишүүдийг эгүүлэн татах зохицуулалтыг 2019 оны Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиудад хийж өгөөгүй байна.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тухай хуулийг санаачилсан. Тус хуулийг хаврын чуулганаар өргөн барих юм. Энэ хуультай холбоотой УИХ-ын тухай хууль болон бусад хуулиудад өөрчлөлт орох юм байна. Тухайлбал, УИХ-ын тухай хуульд “Улсын Их хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллагаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах шийдвэр гаргасан” гэх нэмэлт өөрчлөлтийг оруулахаа болжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын жагсаалтын гишүүдийг дэвшүүлсэн нам нь эгүүлэн татах эрхтэй болох юм. Ингэж чадвал УИХ-д тангараг өргөсөн ч ард түмний эрх ашгийг уландаа гишгэж, ёсзүйгүй авирлаж, хулгай луйварт холбогсдон, дэвшүүлсэн намынхаа бодлогын эсрэг хууль зөрчин ажилласан жагсаалтын гишүүдийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татдаг болох юм байна.

-6°C
