
Монгол Улсад сэтгүүлзүй үүсч хөгжсөний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна. Сүүлийн жилүүдэд монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын тоо олшрохын хэрээр сэтгүүлзүй чөлөөтэй, хараат бус, редакцийн ямар нэгэн дарамтгүй болж эхэлсэн гэж дотооддоо товчхондоо дүгнэж байна.
Харамсалтай нь олон улсын байгууллагаас монголын сэтгүүлзүйг 41 байраар ухарч байсныг 2025 онд зарласан. Өөрөөр хэлбэл, Монголын ихэнх хэвлэл мэдээллийн голлох байгууллагуудын ард улс төрчид, тэдний хамаарал бүхий компаниуд эзэмшиж, редакцийн бие даасан байдалд хөндлөнгөөс нөлөөлж, үнэн бодит мэдээллээс ангид байлгаж, зохион байгуулалттай нийгмийг залж, иргэдийн тархийг угаасан хуурамч мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж байна гэж дүгнэсэн юм. Мөн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд буюу сэтгүүлчид улс төрчидтэй наймаалцаж, улс төрчдийн хүссэнээр мэдээлдэг хэрэгсэл болсон гэж Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас дүгнэхэд хүргэжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу телевиз, радио, өдөр тутмын сонин, сайтууд хаалтын гэрээ хийж, хулгай луйварт холбогдсон шийдвэр гаргах түвшний дарга нарын булхайг мэдээлэхгүй өнгөрдөг үзэгдэл нь Монгол Улсад хэрээс хэтэрсэн гэж үзсэн юм. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индекс эргэлзээтэй гэсэн ангилалд байгаа нь ардчиллыг боомилох, иргэдийн чөлөөт сонголт хийх эрхэнд нөлөөлөх, авлигал хээл хахууль газар авах, улс орны ирээдүй тодорхойгүй байдалд ороход шууд нөлөөлдөг. Монголын хэвлэл мэдээллийн салбарын эрхзүйн орчин тодорхой бус 1998 онд батласан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай гэсэн нэртэй дөрвөн зүйлтэй энэ хууль бол хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрхзүйн орчныг тодорхойгүй болгож, энэ салбарт ажиллагсадын ёс зүй, хэм хэмжээ, үнэнийг мэдээлнэ гэсэн дэлхийн хэвлэлийн мэдээллийн алтан дүрмийг хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдлыг бий болгож байна.
Монголын сэтгүүлзүй жил бүр ухарч, нийгэмд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд улс төрчид болон олигархиуд эзэмшдэг. Улс төрч, олигархиуд бол зоосны хоёр тал буюу хэн хэнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хэвлэл мэдээллийг нийгмийг өөрсдийнхөө эрх ашгийн төлөө залах хэрэгсүүр болгодог билээ. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүжилт төрөөс хэтэрхий хамааралтай болсон буюу Засгийн газар, яам, агентлагуудаас санхүүжилт авч амь зогоодог нь олон нийтэд үнэн мэдээллийг хэлж чадахгүйд шууд хүргэдэг. Тиймээс хэвлэл мэдээллийн холбогдох хуулиар телевиз, сонинг улс төрч эздээс салгаж, санхүүжилтыг зөв механизм хүргэх нь хамгийн чухал юм. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын иргэд, компаниуд ч монголын зарим хэвлэлийг санхүүжүүлдэг болсныг зарим хэрэг явдлын үеэр ярьж байсан удаатай.
Монголын сэтгүүлзүй нийгмийн болж бүтэхгүй зүйлийг үнэнээр илчлэн харуулж, ирээдүйд гарах эрсдлээс урьдчилан сэргийлдэг, шүгэл үлээх үүрэг гүйцэтгэдэг хоточ нохойн үүргээ гүйцэтгэхгүй бол улс орны ирээдүй улам бүр харанхуй, гэрэл гэгээ бөхөхөд хүргэж байна. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн салбар дижитал, сошиал руу шилжих тусам түүхийн бодит үнэн устгагдан, засварлагдаж ой санамжаа алдаж байна. Үүний тод жишээ улс төрийн хулгай луйвар, авлигал хээл хахуульд холбогдсон, ёсзүйн зөрчил гаргасан албан тушаалтнууд тэдний харилцан хамаарал бүхий этгээдүүд гадны платформ фэйсбүүд, Х-д мөнгө төлж бодит мэдээ, мэдээллийг тодорхой хугацааны дараа устгаж, үгүй болгодог байдал улс төрчдийн гаршсан үйлдэл боллоо. Үүний цаана Монгол Улсын бодит түүх, улс төрчдийн үнэн дүр төрх бүдгэрэн алга болж байна.

-6°C
