Өнөөдөр
Apr 18, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЁСЗҮЙН НОЦТОЙ ЗӨРЧИЛ, “НОЦГҮЙ” ЗӨРЧИЛ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Тус хуулийн төслөөр УИХ-ын ёсзүйгүй авирласан гишүүдийг эгүүлэн татах зорилготой. Монгол Улсад парламентын нэр хүнд жилээс жилд унаж байгаа энэ үед хариуцлагатай, ёсзүйтэй УИХ-ын гишүүд хамгаас чухал болоод байна. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд аливаа хэрэгт холбогдож л байдаг, ёсзүйгүй зан авир гаргаж чуулганы танхимд хэрэлдэж, нэгнээ элдвээр хэлж л байдаг. Тэр битгий хэл авлигал, хээль хахуулийн гэмт хэргүүдэд нэр холбогдож л байдаг ч хариуцлагын тогтолцоо сул байж ирсэн. Үндсэн хуульд гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалт бол зөвхөн тойргийн гишүүдэд хамааралтай байж ирсэн бол 2024 оны УИХ-ын сонгуулиар жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон хүмүүсийг эгүүлэн татах зохицуулалтыг хуульд тусгаагүй явж иржээ. Хуулийн ийм хэрэгцээ байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олж харсан гэж товчхондоо хэлж болох юм. Ингээд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь гол төлөв жагсаалтын гишүүд рүү чиглэж байна. Хуулийн төсөлд “9.1.6.Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, уг саналыг Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэн, илээр санал хураан гишүүний олонх дэмжсэн;” хэмээн оруулаад байгаа юм.

Ерөнхийлөгийн өргөн мэдүүлсэн хууль бол парламентын дархлаанд сөргөөр нөлөөлөхгүй. Харин ч хариуцлагын механизм гишүүдэд ажиллаж эхлэх бөгөөд УИХ-ын гишүүд ард түмнийг жинхэнэ утгаараа төлөөлж чадах юм. Хариуцлагагүй, ёсзүйгүй, хулгай, авлигад холбогдсон гишүүд парламентад угаасаа байж болохгүй.

Харин хуулийн төсөлд бичсэн “ёсзүйн ноцтой зөрчил” гэдэг үг маргаан дагуулж мэдэхээр байна, Ерөнхийлөгч өө. Учир нь хуульчид хүний ёсзүйг хуульчлах аргагүй гэж үзэж байгаа. Мөн ёсзүйг ҮХЦ “шүүх” боломжгүй. Тиймээс хуулийн төсөлд бичсэн “ёсзүйн ноцтой зөрчил” гэсэн хуулийн бус нэр томьёогоо хасаад “УИХ-ын жагсаалтын гишүүдийг нэр дэвшүүлсэн төв байгууллага буюу нам нь өөрөө авч хэлэлцэн эгүүлэн татдаг” байх нь хуульд нийцэхээр байна. “Ёсзүйн ноцтой зөрчил” гэж байгаа бол “ёсзүйн ноцгүй зөрчил” гэж юуг хэлэх вэ, Ерөнхийлөгч өө.

13 Mar 2026 10:21AM
198
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ