
УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийгээд хоёр долоо хоносон ч чуулганы ирц бүрдсэнгүй. УИХ дахь АН-ын бүлгийн 42 гишүүн УИХ-ын дарга Н.Учралыг солихоос нааш чуулганы ирц бүрдүүлэхгүй гэв. АН-ынханд чуулганы хуралд суух нь МАН-ын бага хуралд сууж буй мэт сэтгэгдэл төрүүлж байгаа гэх шалтаг тоочиж байна.
Харин эрх барьж байгаа МАН-ынхан парламентад 8 суудалтай Хүн нам, 4 суудалтай ИЗНН-ынхантай хамтарч буй. Ингэснээр МАН-ын 68-тай нийлүүлбэл 80 суудалтай чуулганы ирцийг хангалттай бүрдүүлж чадна. Нэг ёсондоо АН-ынханаас үл хамааран чуулганы хуралдаан хийх боломж харагдаж байгаа ч өнгөрсөн намрын МАН-ын дотоод зодоон саад болсоор байна. УИХ дахь 68 суудалтай МАН 30, 38-аараа хуваагдаж, хэн нь эцсээ үзэх вэ гэж тэмцэлдсээр УИХ-ын чуулганы ажил зогсонги байдалд орлоо. УИХ-ын дарга Н.Учрал дотоод зодоонд хүчрэхгүй буюу 68 гишүүнээ цуглуулж, ажилд нь ирүүлэх чадамжгүй.
МАН-ынхан Монгол Улсаа хөгжүүлж, данхайсан төрийн албыг цомхон болгож, аж ахуй нэгжүүдээ эдийн засгийн хувьд чадавхижуулж, ард иргэдээ санаа амар тайван амьдруулахын төлөө зодолдоогүй. Тэд албан тушаалын төлөө уралцаж, олигархиудад барьцаалагдсан гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулсаар байна. Одоо бүр цагаандаа гарч ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэйгээ нийлээд хулгай, авлигад нэр холбогдож, хэдэн зуун сая ам.долларын авлигын асуудал сөхөгдөж байна. Хүний санаанд баймгүй, төрийн албанд байж боломгүй, улс орнууд хэзээ ч ойлгохгүй ноцтой асуудал бий болчихоод байхад хуулийнхан таг дуугүй, Засгийн газар, УИХ нь чимээгүй харж суух нь эмгэнэлтэй болоод байна. Хариуцлага ярих нэг ч хүн байхгүй болтлоо МАН-ынхан цагаандаа гарлаа.
Нэгэнт байдал ийм дээрээ тулсан бол УИХ тарж, ээлжит бус сонгууль зохион байгуулах шаардлагатай. Одоо Ардын намын толгойгүй баячууд, тэднийг тэжээдэг олигархиуд төрөөс савраа татмаар байна. Эрдэм боловсрол, мэдлэг ухаанаар улс орныхоо асуудлыг шийдэхгүй бол МАН-ын авлига авахын төлөөх зодоон улс орноо сөхөрсөн дээр нь гишгэж мэдэхээр байна.

-6°C
