
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр томилно гэсний “Зөвхөн нэг удаа” гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн маргааныг хэлэлцлээ. 2016 оны Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр энэ маргааныг хэлэлцэхдээ “Зөвхөн нэг удаа” гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байна гэж дүгнэсэн байдаг. Гэвч 2021 онд Шүүхийн тухай багц хуулийг батлахдаа Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилно гэж хууль батласан байгааг 2016 оны Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй нийцүүлэх гомдлыг өнөөдөр хэлэлцлээ. Ингээд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр томилно гэсний “Зөвхөн нэг удаа” гэдэг нь Үндсэн хуультай нийцэхгүй байна хэмээн дүгнэж, Ерөнхий шүүгчийг дахин зургаан жилээр томилж болно гэж дүгнэсэн юм.
Цэцийн энэ шийдвэрээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг дахин зургаан жилээр улираан томилж, нийтдээ 12 жил Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллуулах дүр зураг харагдаж байгаа. Гэвч хамгийн чухал нь Улсын дээд шүүхийн Д.Ганзоригийг дахин сонгохдоо биш. Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэрээр төрийн бусад өндөр албан тушаалтнуудын бүрэн эрхийг дахин сунгаж болно гэдэг үүд хаалгыг нээж өгч байгаа юм. Хамгийн тодорхой жишээ бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дахин зургаан жилээр “сунгах” асуудал хөндөгдөж байна.
Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно гэж заасан. Тэгвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шиг “Ерөнхийлөгчийн зөвхөн нэг удаа” гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн гомдол Үндсэн хуулийн цэцэд ирвэл Ерөнхий шүүгчийг дахин нэг удаа зургаан жилээр томилж болно гэдэг шиг Ерөнхийлөгчийг дахин зургаан жилээр нэг удаа сонгоно гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замыг цэцийн гишүүд өнөөдөр нээж өглөө.

8°C
