
УИХ-ын 126 гишүүдээс улс төрийн намын жагсаалтаар сонгогдсон хэд хэдэн гишүүн тангараг өргөхөөсөө өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байсан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатыг МҮЭХ-ны Ерөнхийлөгч гэдгээр нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болгоод буй. Гэвч УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат тангараг өргөхөөсөө өмнө хуучин ажлаа бусдад шилжүүлээгүй буюу МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа давхар хашиж байсныг Сүхбаатар дүүргийн 7-р хорооны иргэн Э.Золжаргал мэдээлж, УИХ-ын холбогдох байнгын хороонд гомдол гаргажээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат нь Үндсэн хуулийн 29-р зүйлийн 1 дэх заалт, 23-р зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байна.
Тодруулбал, Үндсэн хуулийн 29.1 дэх заалтад “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй”. 23.2 дахь заалтад “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлдэг. Тиймээс тангараг өргөхөөс өмнө хуучин ажлаасаа чөлөөлөгдөх ёстойг Үндсэн хуульд тодорхой зааж өгчээ.
Гэвч МАН-ын зарим гишүүд УИХ-ын жагсаалтаар орж ирсэн, мөн өмнөх ажлаасаа чөлөөлөгдөөгүй байгаа гишүүдээ авч үлдэхээр нэгдэж, хуулийг дураараа тайлбарлах үзэгдэл газар авсаар байна. Түүгээр зогсохгүй МАН-ын жагсаалтаар гишүүн болсон нийгмийн зарим төлөөллүүд ч гишүүн болохоосоо өмнө ажиллаж байсан газраасаа чөлөөлөгдөөгүй өнөөдрийг хүрсэн 4-5 гишүүн байгаа юм байна. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл нарын нийгмийн төлөөллүүд тангараг өргөхөөсөө өмнө чөлөөлөгдөгдөөгүй байна.

7°C
