
Монгол Улсын Засгийн газар ядууралтай тэмцэхийн тулд үйлдвэр барьж, ажлын байр нэмэгдүүлэхээс илүү ажилгүй иргэдийг сургалтанд суулгаж, цалин өгөх аргыг сонгосон. Харин өөрөө өөртөө ажлын байр бий болгож, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэж байгаа иргэдэд хөнгөлөлттэй зээл олгох журмаар Засгийн газар ЖДҮ-ийн газрыг ажиллуулдаг ч энэ санд дахин хулгай нүүрлээд байна. 2019 онд УИХ, Засгийн газрын гишүүд буюу ихэнхдээ МАН-ын гишүүд 900 сая, 900 сая төгрөгийн зээлийн хулгайгаар авч, өөрсөддөө ашигласан байдаг. Энэ зээлээс МАН-ын одоогийн генсек Я.Содбаатар, УИХ-ын гишүүн, БОАЖ-ийн сайд асан Б.Бат-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, тухайн үеийн сайд Б.Батзориг, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ынхан ижил тэнцүү хуваан авсан байдаг.
Нэг гар дүрсэн санд улстөрчид дахин гар дүрж, хулгай хийдгийг өнгөрсөн сонгуулиар тус газрын дарга Я.Эрдэнэсайханы гаргасан зээл харуулж байна. Тэрээр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр улстөрч эзэнтэй хэвлэлүүдэд 50-500 сая төгрөгийн зээл олгожээ. Эдгээр хэвлэлүүд бүгд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо” хөдөлгөөн сурталчлах нэрийдлээр 1,7 тэрбум төгрөгийг хуваан авчээ.
Татвар төлөгчдийн мөнгөнд хайр гамгүй хандаж, өөрийн даргадаа үйлчилсэн буюу даргаа тахын шүтсэн үзэл гаргасан Я.Эрдэнэсайханыг эхлээд АТГ, ЦЕГ шалгах ёстой. Мөн их хэмжээний зээл гаргахад нөлөөлсөн байж болзошгүй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилсан, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг хуулийнхан шалгаж, үнэн зөвийг тогтоох шаардлагатай болоод байна. Эдгээр эрх мэдэлтнүүд улсын төсөвт хайр гамгүй хандаж, гарын салаагаараа урсгасан үйлдлийн ард Монголын ард түмэн хохироод үлдэх нөхцөл байдал бий болоод байна.
ЖДҮГ-ын мөнгийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, экспорт импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлсэн компаниудад олгох ёстой байтал сонгуулийн санхүүжилт нэрийдлээр зээл олгох зөвшөөрөл өгч гарын үсэг зурсан Я.Эрдэнэсайханыг яаралтай шалгаж, сангийн мөнгийг хамгаалах ёстой болоод байна.

7°C
