Өнөөдөр
Jul 22, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ДОНАЛЬД ТРАМПЫН ТАРИФЫН БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨ МОНГОЛД 3-6 САРЫН ДАРАА МЭДРЭГДЭНЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орнуудад импортын татварын тариф тогтоосон. Урд хөрш БНХАУ-д 34 хувийн импортын татвар тогтоосон бол Вьетнам, Камбож зэрэг Азийн бусад орнуудад 60 хүртэлх хувийн татвар ногдуулаад байна. Монгол Улсад импортын 10 хувийн татвар ногдуулсан нь эдийн засгийн ямар ач холбогдолтой болохыг Эдийн засагч Ч.Сосорбарамтай ярилцлаа.

-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орнуудад 10-60 хувийн импортын татвар ногдуулсны дотор Монгол Улсад 10 хувийн татвар ногдууллаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн зарлигтай холбоотой улс орнуудын эдийн засаг хэрхэн хувьсан өөрчлөгдөх бол?

-Манай улсын эдийн засагт татвараар тавьж байгаа тариф улс орнуудын төрийн бодлогоор дамжуулаад нөлөөлөх нь тодорхой боллоо. Дэлхийн хоёр том эдийн засаг буюу АНУ, БНХАУ хоорондоо зөрчилдөөн үүсгэсэн нь дэлхийн бусад орнуудад шууд болон дам нөлөөтэй. Хятадын АНУ-руу экспортлох орлого буурснаар Хятадын эдийн засаг агшина. Энэ нь Хятадууд Монголоос уул уурхайн гаралтай түүхий эд худалдан авах экспортод нөлөөлж,  буурах нь тодорхой боллоо.

-Дональд Трамп Хятадад 34 хувийн татвар ногдуулсан ч Вьетнамд 49, Камбожид 45 хувийн татвар ногдуулсан байна. Яагаад вэ?

-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдсэнээр зардал багатай үйлдвэрлэж байгаа орнууд дээр өндөр татвар тогтоосон. Ажиллах хүчний цалин бага, үйлдвэрлэлийн зардал бага орнууд дээр өндөр татвар тавьсан нь АНУ дотоод зах зээлээ  идэвхжүүлэх гэсэн зорилготой. Үүгээр дамжуулаад манай түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг нь чухал юм. Эдийн засагчдын тооцоолсноор газрын тосны үнэ цаашид өснө. Энэ нь манай улс илүү их газрын тосыг өндөр үнээр худалдан авах болно гэсэн үг. Газрын тосны үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлнө. Энэ бол Монголын эдийн засагт нөлөөлөх эхний сөрөг үр дагавар юм.

-Америк, Монголын эдийн засгийн худалдаа тийм ч их биш. Монгол Улсад импортын 10 хувийн татвар ногдуулсан нь хэр ач холбогдолтой вэ?

-2019 онд АНУ, Монгол Улсын хооронд худалдааны гэрээ байгуулсан. Манай улсын экспортын бараа бол ноос, ноолууран бүтээгдэхүүн юм. Экспортын тоон хэмжээний хувьд Америктай харьцуулахад Монголын худалдаа маш бага. Тиймээс 10 хувийн импортын татварын хувь хэмжээ бол тийм ч чухал биш. Том эдийн засгийн хажууд манайх эсрэгээрээ илүү их ноос, ноолуур гаргах боломж нээгдлээ гэж харах ёстой. Үүн дээр нэмээд малын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг ч нээж болох юм. Монголчууд уул уурхайн бүтээгдэхүүн дээр тулгуурласан экспорттой.

-Трампын татварын бодлого валютын ханш, төсвийн орлогод нөлөөлөх үү?

-2024 онд улсын төсөв батлахад нүүрсний үнийг хэт өндрөөр төсөөлөөд байгаа нь буруу гэж эдийн засагчид сануулж байсан. Нүүрснээс олох орлогыг өндөр түвшинд хүлээх шаардлагагүй юм. Хятадын эдийн засаг тодорхой бус нөхцөл байдалд орчихлоо. Хятадын гангын үйлдвэр уналттай, төрийн оролцоо нэмэгдэж эхэлсэн. Бид тоо хэмжээгээ нэмэгдүүлсэн ч худладан авалт буурсан болохоор төсвийн орлого нэмэгдэхгүй байх болов уу гэж таамаглаж байна. Мөн УИХ-ын гишүүд төсвийн зарлагыг 18 хувиар нэмсэн. Энэ нь валютын ханшинд дарамт болж эхэлсэн. Үйлдвэрлэл хөгжөөгүй учраас монголчууд импортын бараа хэрэглэдэг. Энэ нь валютын ханшинд дарамт болдог. Цаашлаад инфляцид хүртэл сөрөг үр дагавартай. Үүнийг таамаглаад Төв банк бодлогын хүүгээ 2 хувиар нэмж урьдчилан сэргийлсэн болов уу.

-Америк дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн гэнэтийн шийдвэр гаргаж байна. Монгол Улс эдийн засгийн хувьд үүнийг хэр сайн мэдэрч байна вэ. Засгийн газрын шийдвэрүүд бодит байдалтай нийцэж байна уу?

-Дэлхийн эдийн засаг тэр чигтээ тодорхой бус нөхцөл байдалд байхыг эдийн засагчид сануулсаар байна. Монгол Улс нөхцөл байдлаа бодитой харж сурах нь чухал байна. Бүх юмыг эерэгээр бодож, өөдрөгөөр төсөөлж байгаа ч бид үйлдэл хийж амжаагүй байхад дэлхий дахин өөрчлөгдөж, үр нөлөөлөл гараад байна. Трампын мэдэгдэл Монголын эдийн засагт шууд нөлөөлөх нь харьцангуй бага. Харин бусад улсын гаргаж байгаа шийдвэрүүд, түүнийг дагасан барааны үнэ нэмэгдэх нь аажмар буюу 3-6 сар эсвэл нэг жилийн дараа бодит нөлөөлөл мэдрэгдэнэ. Сүүлийн гурван жилд монгоын эдийн засаг тогтвортой өссөн. Уул уурхай, тээвэр ложистикийн салбарын өсөлт, мөн нэг хүнд ноногдох ДНБ дэлхийн ангиллаар өссөн. Суурь цалин өссөнтэй холбоотой дундаж цалин 2,5 сая төгрөг болсон. Гэсэн хэдий ч үйлдвэрлэл хөгжөөгүй, баялаг олборлоод зардаг эдийн засагтай манай улсад эдийн засаг өсөөд байгаа ч бодит зах зээл дээр өсөлт удаан ажиглагдаж байна.

Ярилцсанд баярлалаа.

Б.Ариунтуяа

03 Apr 2025 02:50PM
Б.АРИУНТУЯА
487
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ